Өнө өглөгт хийд (Егүзэрийн хийд)

“Тамгатай 13 хутагт”-ын нэг Егүзэр хутагтын 4 үе захирч байсан ӨНӨ ӨГЛӨГТ хийд нь Оросын II Екатерина хатан хааны нэгэн тосгон хотын бүтэц бүхийгээр баригдсан гэдэг. Монгол, япон, түвд, хятад, орос загварын барилгуудтай, өдөр бүр хурал ном, бүрээ бишгүүр, хэнгэрэг цангийн дуу нижигнэсэн, маш хөл хөдөлгөөнтэй хийд орон байжээ.

Зүүн Монголын томоохон хийд бөгөөд Сэцэн хан аймгийн Хурц ван Түддэн засгийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Номын дов хэмээх газарт 1780 онд байгуулагдсан. Өнө өглөгт хэмээх нэрийг II дүрийн Егүзэр Лувсанбалдан хайрлажээ. Хийдэд дараах сүм дуганууд байжээ.

  • Ламрин  – Хийдийн захирагч хутагтуудын орон гэр бүхий сүмийг хэлдэг
  • Мамба дацан - Оточ маарамба болох эрдэмд суралцдаг
  • Дүйнхор дацан – Зурхайн ухаанд суралцдаг
  • Жүд дацан - Нууц тарины ёсонд суралцдаг
  • Хажод сүм - Лүүжин тавих зан үйлд сургадаг
  • Чойрын дацан – Буддын гүн ухаанд суралцдаг
  • Баруун ба Зүүн сэрдэн – Егүзэр хутагтуудын шарилыг хадгалдаг
  • Зуугийн сүм - Бурхан багшид зориулсан сүм
  • Их, бага жас – Сүм хийдийн сан хөмрөг буюу эд хөрөнгө хадгалдаг
  • Жинлүү – Хонхны сүм
  • Гүнлүү – Хэнгэрэгийн сүм

 

ТАМГАТАЙ ХУТАГТ гэж хэнийг хэлэх вэ. Сүсэгтэн шавь нарын тоо 1000 давахад Манжийн хаанаас тамга бариулж “шавь аймаг захирах эрх” олгодог. 1868 онд Егүзэр хутагтын шавь нар 1077 хүрсэн тул “шавь захирах” эрх олгож, Халхын 13 тамгатай хутагтын нэг болсон түүхтэй. 

Жасын хашаанд 6 ханатай гэрт 8 тотго бүхий тулга тулж жил бүр Өнө өглөгт хийдийн гал голомтыг тахидаг байв. Өдөр бүр “гүнлүү” сүмийн хэнгэрэгийг нүдэж өглөөний цагийг, “жинлүү” сүмийн хонхыг дуугаргаж үдшийн цагийг зарладаг байжээ. Мөн нийтээр цуглах цагийг дохиолдог байсан гэдэг. Хийдийн Ламрин сүмийн араар лам хуврагуудын гэр сууцууд эгнэж, хийдийн зүүн өмнө талаар сүсэгтэн олон, ядуу ардын гэрүүд эгнэдэг байжээ.

Ардын хувьсгалын дараа Өнө өглөгт хийдийн олон байшин барилгуудыг ашиглаж 1923-1928 онд МАН-ын үүр, Гаалийн хороо, Цэргийн 19-р хороо, Эвлэлийн 26-р үүр, Харилцан туслалцах 25-р хоршоо, Бага сургууль, Банкны 66-р салбар, ҮЭ-ийн түр хороог тус тус байгуулсан байна. Өнө өглөгт хийд 1927 он гэхэд 1325 лам хуврагтай байсан ба 1930 онд хийдийг бүрэн нурааж, лам нарыг баривчлан, IY дүрийн Егүзэр хутагт Ж.Галсандашийг цаазаар авчээ.

Эдүгээ Эрдэнэцагаан сумын төвд ӨНӨ ӨГЛӨГТ хийдийг дахин байгуулсан бөгөөд Егүзэр хутагт Ж.Галсандашийн мэндэлсний 150 жилийн ойгоор сэргээн засварласан байна.