Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд, Нард багийн төвөөс 10 км зайд байдаг. 1968 онд хайлуур жонш авч байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нуралт явагдаж тус агуй нээгджээ. Анх агуйг нээсэн хүмүүс агуйн дотор устай, мөстэй, нохой шиг толгойтой том амьтан бүтнээрээ байсан, өөр бусад амьтны яс их байсныг үзээд ШУА-д мэдэгдэж судлан үзэхийг хүсчээ. Агуй нь хайлуур жонш олборлож байсан 150м урт, 16.5м гүн сувгийн ёроолд зүүн хойш харсан байрлалтай ажээ. 1991 онд агуйд морфометрийн нарийвчилсэн хэмжилт хийж агуйн урт, дундаж өргөн, өндөр, талбайн эзлэхүүнийг тодорхойлж, бичил уур амьсгалын судалгааг хийжээ.
Агуй хоёр амтай ба ам хоорондын зай 39.3м, хоорондоо холбоотой хоёр танхимтай, 4 үндсэн хонгилтой болохыг тогтоосон. Агуйн нийт уртыг 1 км орчим гэж үзсэн ба хонгилын дундаж өргөн 6м, дундаж өндөр 9.5м юм. Хонгилын хамгийн нарийхан хэсэг нь 0.5м, хамгийн нам цэг нь 45см, хамгийн өндөр нь 22м хүрнэ. Агуйн нийт талбай 53077 м.кв, эзлэхүүн нь 43643.0 куб метр. Эргэн тойронд гэр хэлбэрийн хөндийнүүдтэй, байнгын ус, мөстэй байдаг.
Агуйн орчимд хайлуур жоншны ордуудтай бөгөөд иргэд хууль бусаар ам амсар хавийн жонш, агуйн хананы жоншийг авах гэж эвдэж сүйтгэсэн байдаг. Цагаан дэлийн агуй нь хэмжээгээрээ улсад хамгийн томд тооцогддог. Дотор хананд хадны сүг зураг, мөн амьтны соёо зэрэг яс үлдсэн байхаас үзэхэд эртний шинжтэй, түүхийн хувьд бүрэн судлагдаагүй, байгалийн сонин тогтоц бүхий газар юм.