УБ хотоос баруун хойно, 150 км гаруй зайд Төв аймгийн Жаргалант, Цээл сумдын зааг нутагт Хүүлээ хан хэмээх домогт хайрхан бий. Нутгийнхан эрт үеэс тахиж ирсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул юм. Хан Хэнтийн нурууны төгсгөл, ар өвөргүй битүү модтой, олон сайхан амтай, Мойлт, Тахилт, Буга, Сэнжит, Ар Номт, Бэлхийн голууд эх авч урсдаг, Данзан ламын ус, Тахилт гэх мэт рашаан ус ундаргатай. Оргилд нь гарахад ойрын сумууд, Богд хан уул харагддаг. Энэ ууланд ЗХУ-ын баатар, Халимагийн офицер, мэргэн буудагч Сусаев 4 жилийн турш нуугдаж амьдарсан бодит түүх байдаг.
Улаан армийн 12-р хорооны урдаа барьдаг мэргэн бууч Сусаев 1943 оны 1-р сард Германы тусгай албаныханд олзлогдож 1945 оны 1-р сар хүртэл хоригдож байгаад Биркнаугийн хорих лагерийг чөлөөлөхөд суллагджээ. Чөлөөлөгдсөн даруйдаа мото буудлагын 248-р дивизэд мэргэн буудагчаар татагдаж Прагийг чөлөөлөх дайнд оролцсон. Дайн дуусаад эх нутагтаа иртэл Иосиф Сталины 270-р тушаал (галын шугамнаас ухарсан, эсвэл олзлогдсон бол урвасанд тооцно)-ын дагуу баривчлагдаж урвагч Власовын армийн бие бүрэлдэхүүнд оруулан Сибирьт 25 жилийн хүнд хүчир ял эдлүүлэхээр цөлжээ.
1948 оны сүүлчээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уурхайгаас цагаан тугалга олборлуулж зөөлгөхөөр 12000 орос ялтанг ирүүлсний дотор Сусаев багтсан байв. Оросууд тус ордыг “Модотын там” гэж нэрлэсэн ба хожим баруунд энэ нэрээр зохиол хүртэл хэвлэгдсэн гэдэг. Цэнхэрмандалын уурхайд 12000 хоригдол, 45 ухагч бульдозер, 25 шороо ачигч эксковатор, 15км усан хоолой, 58 ус татагч насос, 5 том ба 20 жижиг дизель цахилгаан үүсгүүр, хамгаалалтын 8000 цэрэгтэй том бааз байрлаж, 1948 – 1953 онд нэг ээлжиндээ 1000 автомашинаар өдөр шөнөгүй зөөсөөр бүх нөөцийг нь дуусгасан гэдэг.
Харин 1950 оны намар тус уурхайгаас 7 хүн оргосны нэг нь Сусаев байжээ. Оросын цэрэг, цагдаагийн хүч сар гаруй хөөцөлдсөний эцэст 6 хүнийг нь алж устган Сусаевыг Хүүлээ хан уул руу алджээ. 1951 онд түүний хойноос 500 орчим орос цэрэг хөдөлсөн боловч 10 хүнээ Сусаевийн суманд алдаж, улмаар хоол хүнсгүйдээд буцжээ. 1952 оны зун ЗХУ-аас 30 чекист ирж Хүүлээ хан уулын дээгүүр байлдааны онгоц нисгэн самналт хийгээд ч нэмэр болсонгүй. 14 хоногийн дотор 30 хүнийхээ талыг Сусаевийн мэргэн буудлагад өртүүлжээ. Монголчуудыг хүртэл оролцуулан хэд хэдэн удаа отолт занга хийгээд ч амжилт олоогүй гэдэг. Сусаев монголчуудыг амин бус газраар нь шархдуулдаг бол оросуудыг цохонд нь, эсвэл зүрхээр нь нэвт бууддаг байсан гэлцдэг. 1953 онд 300 орчим орос цэрэг Хүүлээ хан уулыг нэгжин мөшгисөн боловч 20 хүнээ хядуулаад буцжээ. Энэ явдлаас хойш нэг жил орчим мөрдөх ажиллагааг зогсоогоод 1954 оны зун Москвагаас Катерина хэмээх царайлаг чекист хүүхнийг авчирч, нутгийн ногоочин орос Климовынд суулгаж, уул усанд дасгаж хэд хоног бэлтгэл хийлгүүлээд ганцааранг нь ойд жимс түүлгэхээр морин тэрэгтэй явуулжээ. Ингэж Сусаев ойд ганцаараа жимс түүхээр ирсэн орос хүүхэнтэй таарч хэд хэдэн удаа болзож дотноссон ажээ. Дараагийн удаа болзох газарт нь 12 шилдэг мэргэн буудагчийг аваачин отоонд суулгаж Сусаевыг газар дээр нь буудаж алсан юм. Баттай алагдсан эсэхийг шалгахад биед нь 6, толгойд нь 3 сум туссан байсан гэдэг. Эх орны дайны талбарт хэдэн арван германы мэргэн буудагчийг устгасан ЗХУ-ын баатар Сусаевийн амьдрал ийнхүү Хүүлээ хан ууланд төгсгөл болсон юм. Тус ууланд ЗХУ-ын 48 шилдэг чекистийг буудаж устгасан энэ түүх 70 жилийн өмнө болсон үйл явдал боловч нутгийн ард түмний дунд өнө эртний үлгэр туульс шиг яригдсаар байгаа ажээ.
Эл ууланд эрт үед шилийн сайн эрс орогнож байсан хэд хэдэн агуй, нуувч бий хэмээлцдэг. 1900 оны үед Шөргөөн Дамдин хэмээх сайн эр 3 хятад худалдаачинг хороогоод араас нь нэхсэн арван тавны цагдаа нараас зугтааж хоёрыг нь шархдуулаад Хүүлэй хан ууланд гарч бүгсэн гэдэг. Манж амбаны тусгай морьт цэрэг бүтэн жил хөөцөлдөөд барьж чадаагүй байтал анчин Жадамбаа хэмээх мэргэн бууддаг хүний отоонд орж алуулснаар хэрэг шувтарчээ. 2000 онд Авдрантын хорихоос хянагч нараа алаад оргосон "онгорхой Чука" гэгч тэргүүтэй ялтнууд хүртэл Хүүлээ ханы хөвч рүү зугтаж, тусгай албаныхны отолтонд орж амиа алджээ. Эдгээрээс үүдэлтэйгээр тавь, тавин жилийн зайтай ямар нэгэн зэвсэгт үйл явдал болдог гэх мухар сүсэг энэ нутгийнханд эдүгээ байдаг гэнэ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах