Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд эрэгт Алтангадас уулын ар талд нэгэн эртний хотын туурь орших бөгөөд хааш хаашаа 100 метр урт хэрэм байсан мэт овгор гүдгэр газар юм. Түүний гол дунд хааш хаашаа 30м орчим дөрвөлжин барилгын туурь, түүний ойролцоо өөр хэдэн байшингийн үлдэгдэл байдаг. Судалгааны явцад модны нүүрс, шохой ихээр олдсон нь уг барилгууд түймрийн улмаас сүйдсэнийг илэрхийлдэг. Балгасны урд үүдэнд дундаа ухмал нүхтэй, боржин чулуугаар хийсэн сангийн бойпор бий. Тус хотын туурийг судлаачид Юань гүрний үеийн Эрчүүгийн балгас мөн гэж үздэг. Малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээж баримал, ховилтой хөх ваар, тоосгонууд гэх мэт янз бүрийн олдворуудыг олсон.
Тууринаас урагш 40м орчим зайд овгор дэрсэн дотроос монгол, хятад бичээстэй нэгэн хөшөөг олсон бөгөөд түүнийг Мөнх хааны бичээс гэж нэрлэсэн. Хөшөөний өндөр 144см, өргөн 78см, зузаан нь 20см. Хөшөөний дээд хэсэгт дугуйруулан догол гаргаад нүүрэн талд хоорондоо 3.5 см зайтай хүрээ татаж дундуур нь эвэр угалзан хээг сийлжээ. Тэдгээрийн доор эхний гурван мөр монгол бичээсээр бичигдсэн байдаг. Тус хөшөө малтлагын явцад тахилгын сүмд хадгалагдаж байсан нь мэдэгджээ.
Хөшөөг 1257 онд Мөнх хаан Хятадын Сүн улсыг гурван замаар довтолж явсан цаг дор их хааны өлмий бат оршихыг ерөөж тавнан Бамту (Барс түгэ) гүнж Исижи нар босгуулжээ. Хөшөөний нөгөө талд 12 мөр 268 хятад ханз бүхий бичээс бий. Тус хөшөөг 1956 онд эрдэмтэн О.Намнандорж Улаанбаатар хотод авчирч одоогийн Монголын Үндэсний Музейд байршуулсан бөгөөд эдүгээ ч хадгалагдаж байна.
Хөшөөний монгол бичээсийг орчин цагийн монгол хэлэнд тоймлон буулгахад, “Урагийн урагаар хэд хэдэн үед Мөнх хаан түмэн насалтугай. Барс түгээ босгуул... хүртэл энд давирганд буян хүртүгэй” гэж бичсэн байсан бөгөөд энэ нь Мөнх хааныг амьд ахуй үед босгосон болохыг гэрчилдэг. 1254 – 1256 онд Монголын эзэнт гүрнийг зорьж Мөнх хаанд бараалхсан Францын санваартан Гийом Де Рубрук Мөнх хаантай уулзахаар түүний энэ ордноос 10 хоног явж Хархорум хот хүрсэн тухай тэмдэглэсэн байдаг. Үүнийг нотлох өөр бусад мэдээ сэлт монгол, хятад эх сурвалжуудад бий. Мөн энэхүү Мөнх хааны гэрэлт хөшөөний дэргэдээс паалантай, паалангүй ваар тоосго олноор олджээ.