Алдарт Хархорумын "Мөнгөн мод"-ны дүрслэл одоогийн таван мянгат ба арван мянгатын дэвсгэрт дээр бий. Гэвч Монголын их хаадын ордон дотор байсан "мөнгөн мод"-ыг гадаа гарган зуржээ. Харж дассан тэр зургийг Францын Pierre Bergeron түүхчийн 1753 онд хэвлүүлсэн “Түүх, газарзүйн цомог” номонд буй “Рубрукийн тэмдэглэл” бүлэгт зориулан нэгэн голланд зураач зурсан ажээ.
Францын IX Луй вангийн анд, санваартан Гийом Де Рубрукийг 1253-1255 онд Хархорумд ирж Мөнх хаанд бараалхах үед түүний ордон дотор “мөнгөн мод”-ыг урлаж байсан гэдэг. Рубрук өөрийн тэмдэглэлд мөнгөн модны ажиллах зарчим, гаднах харагдах байдлыг тодорхой бичиж, уг мөнгөн модыг урласан Гийом Де Буше гэх франц дархантай Хархорумд байх хугацаандаа ойр нөхөрлөжээ. Францын уугуул Буше дархан Унгарын вант улсад эхнэрийн хамт Алтан ордын цэрэгт олзлогдон Монголд хүргэгдэн ирж Аригбөх, Сорхогтан бэхи хатны албат боол болсон гэдэг.
Мөнгөн модны оройд бүрээ үлээсэн жигүүрт тэнгэрийг Францын охин тэнгэр Виктория бурхан, эсвэл сахиусан тэнгэр гэх мэтээр бичсэн байдаг. Гэтэл Рубрукийн тэмдэглэлийн латин эхэд “анжилус” гэж бичсэнийг ийнхүү эмэгтэй бурхан, эсвэл хүүхдийн дүртэй хайр дурлалын сахиусан тэнгэрийн дүрээр төсөөлсөн байна.
Рашид Ад Дины Судрын чуулганд “монголжуу хувцастай далавчит тэнгэрийн дүр” гэжээ. Тухайн үеийн исламын шашинт зарим орон, Гүрж зэрэгт шашны үлгэр домгийн чимэг зурагт “монголжуу дээлтэй, далавчит тэнгэр”-үүдийн зураг цөөнгүй тааралддаг гэнэ.
Харин Рубрукийн тэмдэглэлийг орчуулсан гүүш нар ЧАГАА ТЭНГЭР гэж бичсэн байна. Мөнгөн модыг урлаж дуусахад Мөнх хаан франц дархан Бушед 100 яскот буюу мөнгөн гулдмай өгчээ. 1 яскотын ханшийг Рубрук тухайн үеийн Европын үнэт металлын жин хэмжүүрийн нэгжээр “10 марк” гэснийг үзвэл нийтдээ 250кг мөнгө буюу өнөөгийн ханшаар 200 мянга орчим доллар болж байгаа аж.
Рубрук тэмдэглэлдээ дараах агуулгыг тодорхой бичжээ.
Гийом Де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон” тухай гар бичмэл, тэмдэглэлийг судлаачид сэргээн судалж 1993 онд Францын Үндэсний хэвлэлийн газраас ном болгон хэвлүүлжээ. 1996 онд ерөнхийлөгч П.Очирбат Франц улсад айлчлахад ерөнхийлөгч Жак Ширак гарын үсгээ мутарлан гардуулах үед тус номыг монгол хэл дээр хэвлүүлэх ажлыг Франц улсаас санхүүжүүлэх тухай тогтжээ.
Ингээд 2000 онд нэрт орчуулагч, СГЗ, ахмад дипломатч, Франц улсын Хүндэт Легионы одонт, түүхийн ухааны доктор Т.Төмөрхүлэг гуайн орчуулгаар хэвлэгдсэн боловч нэн ховордсон бүтээл болсон юм. Харин энэ 2020 онд Чингис хаан 1220 онд Хархорумыг ИМУ-ын нийслэл болгож тунхагласны 800 жилийн ой тохиож байна. Энэ түүхт ойг тохиолдуулан үндэсний өвийг дээд чанартай хослуулан бүтээгч ТАВАН НҮДЭН БРЭНД санхүүжүүлэн Гийом Де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь” номыг дахин хэвлүүллээ.
Эх сурвалж: Алдуул модны эрэлд баримтат кино (Таван нүдэн - үндэсний брэнд)