Ар сүмийн хоолой

Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг харуулсан Нөмрөгийн дархан цаазат газрын жижиг гол горхины татмууд, бургасан шугуйт хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулс хоорондын нуга, намгархаг газар, элсэн манхан бүхий дов толгод, дэнж маягийн тал, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий газар юм.  Буган хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, Дорнодын мэлхий байхаас гадна Дорнын заар эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж, гургуул, хур, идлэг шонхор, 6 зүйлийн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор зэрэг шувууд, Төв Азийн унаган 10 зүйлийн ургамал ургаж, цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд тохиолдоно. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, онгон зэлүүд байгалийг хамгаалах зорилгоор 1992 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. 
 
Эх сурвалж: Ч.Буянбадрах, "Дорнод аймагт аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн маршрутын дагуух маркетинг менежментийн төлөвлөгөө"