Бугатын бичээс

Тус бичээст хөшөө Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод хуучнаар Заяын гэгээний хүрээ буюу одоогийн Архангай аймгийн музейн урд байдаг. 1956 онд археологич Ц.Доржсүрэн Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дахь Бугат багийн нутгаас олсон учир “Бугатын бичээс” хэмээн нэрлэжээ. Одоогоос 1440 орчим жилийн өмнө бүтээгдсэн эл хөшөөний оройн хэсэгт “хүүхэд хөхүүлж буй чоно”-ын дүрс бий. Түүнээс доош брахми бичээсээр бичигдсэн монгол хэлний үгс гурван талд нь сийлэгдсэн. Бичээсэнд Нивар, Буман, Мухан, Таспар гэх мэт Түрэгийн эзэнт улсын анхны үндэслэгч хаадуудын нэр, тэдэнд холбогдох түүхэн үйл явдлыг өгүүлсэн байна.
 
Хөшөөг нарийн ширхэгт боржин чулуугаар урлаж яст мэлхийн дүрс бүхий суурин дээр босгосон. 1.98м өндөр, 73см өргөн эл хөшөө нь судлаачдын тэмдэглэснээр НТ 584-587 он буюу Түрэгийн эзэнт улсын эхэн үед хамаарах дурсгал. Эрдэмтэн Л.Гумилев Түрэгийн эзэнт гүрнийг үндэслэсэн язгууртнуудын овог болох Ашина хэмээх нэр нь “чоно” гэсэн утгатай холбоотой байж болох тухай тэмдэглэсэн гэдэг. Ашина овог нь сяньби гаралтай, монгол хэлтэй овог бөгөөд 460 оны орчим Алтайн уулнаа нүүдэллэн ирж хүн ам ихтэй огуз аймгуудын дунд орж улмаар тэднийг захиран ноёлох болсон тул уугуул монгол хэлээ аажмаар гээж огуз аймгуудын хэл болох “түрэг хэл” рүү ууссан байх магадлалтай гэж үзжээ.
 
Эрдэмтэд “Бугатын бичээс”-ийг тайлснаар эртний жужанчуудын хэл нь монгол байсан болохыг тогтоожээ. Японы хамгийн эртний бичээс 697 онд, хамгийн эртний түрэг бичээс 713 онд, Солонгосын хамгийн эртний бичээс 604-606 онд хамаардаг аж. Харин энэ Бугатын хөшөөний монгол бичээс нь тэдгээр дурсгалаас 10-117 жилийн өмнө бичигдсэн ба Алтай язгуурын хэлэнд багтах бусад хэлнээс өмнө монгол хэл үүссэн байх магадлалтай хэмээх таамаг төрүүлжээ. Бичиг соёлын гайхамшигт дурсгал учраас цаашид онцгойлон судлах, хамгаалах, хойч үед танин мэдүүлэх шаардлагатай хэмээн Монголын судлаач эрдэмтэд үзсэн.  Сүүл үеийн судалгаагаар Бугатын бичээс нь дараах таамаглал, нотолгоог дэвшүүлсэн.

1.      Алтайн язгуурын хэлний аймагт багтах хамгийн эртний бичээс
2.      Хүннүгийн шууд удам жужанчууд, тэдний хэл нь монгол гэдгийг гэрчлэх бичээс
3.      Хүннү нар монгол хэлээр ярьж байсан байх магадлалтай таамаг дэвшүүлсэн бичээс
4.      Монголчууд буга ба чоно шүтээнтэй овог аймгуудаас гаралтайг илтгэсэн бичээс