Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших талын намхан гүвээний өвөрт тогтсон багахан боловч шувуудын хувьд чухал холбогдолтой нуур. Нуурын зүүн урд хэсэг нэлээн намагжсан байх ба өндөр өвс ихтэй. Их хур борооны дараа энэ хавийн хотгорууд усаар дүүрч татрах үед хамгийн сүүлд устай үлддэг нь Баян нуур юм. Мянганы зам Баян нуурын өмнүүр ойрхон дайрч гарах тул шувуудын амьдралд сөрөг нөлөөлдөг. Хуурайшилтын улмаас нуурын ус ихээр татрах хандлагатай болсон.
Ховор шувуудаас хошуу галуу, цэн тогоруу, хонин тоодог бий. Нүүдлийн шувуудаас газарзүйн популяцийн 1% давсан тоогоор хондон ангир, алаг шунгаач, цэн тогоруу, умардын хавтгаалж, ноцоо ноололдой, алаг ээтэн, Азийн сүвээцагаан, мөнгөлөг цахлай тогтмол дамжин өнгөрнө. Нуур орчмын газарт саарал чоно, шар үнэг, хярс, монгол тарвага тохиолдоно.