Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Их Богдын ар хормойд орших тектоник гаралтай шорвог нуур. Нуурын усны хэмжээ тогтворгүй, түүнд цутгадаг Түйн голын уснаас ихээхэн хамааралтай, зарим жил хатах нь бий. Зүүн хойд талаас Түйн гол цутгахдаа томхон садраа адаг үүсгэж намагждаг. Их Богд уулын хормой алгуур намсаж тэгшивтэр гадарга үүсгэж уулын хормойгоос олон арван булаг ундарч орчныг намагжуулдаг. Нуурын баруун хойд талаар элсэн тарамцаг эмжиж бас эртний нуурын татралтын далан зээглэсэн тогтоцтой. Нуураас зүүн тийш 1 км орчмоос заган шугуй үргэлжилдэг. 11 дүгээр сараас 4 дүгээр сард хөлддөг.
Энд хамгийн их тулгарч байгаа бэрхшээл бол нуурын ус ширгэж, хатаж байгаа явдал юм. Нуур хатсанаас болж энд байсан усны жижиг амьтад бүгд алга болсон ба эрэг дагуу байсан зэгс шагшуурга, зүлэг хатаж, үлдсэн цөөн хэдэн булгийн ойролцоох ногоон хэсэгт эндэхийн айл, мал шавааралдан нутагласнаар ургамал, хөрсийг маш их талхагдалд оруулж байна. Орог нуур нь Нууруудын хөндийн Рамсарын бүртгэлд ордог.
Олон улсын болон Монголын хэмжээнд ховорт тооцогдох шувуудаас борцгор хотон, хушуу галуу, зээрд шонхор, реликт цахлай таарна. Энд газарзүйн популяцийн 1% давсан тоотойгоор отгот шунгуур, борцгор хотон, хондон ангир, хүрэнтолгойт цахлай зэрэг шувууд нүүдлийн үеэрээ дайран өнгөрнө. Нуурын хөвөө эрэг орчмоор Монголд ховордож буй шар зээргэнэ, чихэр өвс ургадаг.
Эх сурвалж: ШУА, Улаан ном