Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9-р сарын 10-нд 108 цам харайлган олон түмэнд нээжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу язгуурын таван бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Сүншигт нь олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, улааны урсгалын номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг хийж тарнийн хүч шингээжээ.
Оройн хэсгийн бунхан дотор ноён хутагт Данзанравжаагийн номлосон сургаалийн дагуу сүншиг бүтээж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангай уулнаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Доод танхимын хойморт Бурхан багш, Гүридава Ренбүчэгийн хөргийг ширээн дээр залсан байна. Эл суваргыг 1823 онд Данзанравжаа Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээлгэж байсан гэдэг.