Баянтүмэн хот 1935 оноос эхлэн дайны бэлэн байдалд шилжсэн бөгөөд Зөвлөлт, Монголын цэргийн анги нэгтгэл, дивизүүд байрлаж байсан. 1939 оны 4 сараас эхлэн Японы Квантуны арми Баянтүмэн хотын дээгүүр тагнуулын нислэг хийж, улмаар 6 сарын 27-нд 20 гаруй онгоцтойгоор агаараас довтлон 120 гаруй бөмбөг хаяснаар 5 хүний амь эрсдэж, олон арван байшин барилга сүйдэж багагүй хохирол учирчээ. Баянтүмэн хотын албан газрууд, айл өрхийн байшингуудыг хар эрээн өнгөөр будаж өнгөлөн далдлалт хийснээр энэ бөмбөгдөлтөд учрах хохирлыг харьцангуй хөнгөвчилж байв.
Хотын иргэд Улаан армийн дайчдын хамтаар хотыг тойруулан 8м өргөн, 4м гүн, 100км урт шороон жалга бүхий саад байгуулж дайсны танк орж ирэхээс хамгаалж байсан нь одоо ч Чойбалсан хотноо үлдсэн байдаг. Дайны үед ЗХУ-ын тусламжаар тавигдсан Соловьевск-Баянтүмэний төмөр зам нь цэрэг дайны зориулалтаар ашиглагдаж байсан бол эдүгээ хотын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг УБТЗ-ын харъяа Баянтүмэн тасаг болж өргөжөөд байна.
Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 7 сарын 20-ны 44 дүгээр тогтоолоор, Ардын хувьсгалын удирдагч, хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болгосноор “Баянтүмэн” хотын нэр Чойбалсан хот хэмээн нэрлэгдэх болжээ.