Одоогийн Хэнтий аймгийн Биндэр суманд 1206 онд “Их Монгол Улс”-ыг тунхагласан гэж үздэг. Монголын нууц товчооны 202 дугаар зүйлд бичсэнээр “Төдий эсгий туургат улсыг шулуутгаж (нэгтгэж) барс жил (1206) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанд хан цол тэнд өгөв” ... хэмээн өгүүлдэг. Эдүгээ тэрхүү түүхэн газрыг тэмдэглэж байгуулсан гэрэлт хөшөө бий. Түүний баруун талд Монгол төрийн “Их хуралдай” орд өргөөн цогцолборыг барих ажил явагдаж байна. Онон мөрний хөвөөнд Онон, Хурхын бэлчирт эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан үйл явдалд зориулсан “Их хуралдай” орд өргөөн цогцолбор ийнхүү баригдаж байна.
Их хуралдай орд өргөөний шав тавих ёслол 2018 оны 5-р сард болж Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хоёр дахь том бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Монгол үндэстний зан заншил, соёл урлаг, түүх уламжлал, тэр дундаа Чингис хаантай холбоотой газар нутаг, түүх соёлын дурсгалтай танилцах, хүндэтгэх хүсэлтэй дотоод гадаадын жуулчид, зочдын урсгал жил бүр нэмэгдэх хандлагатай байгаад тулгуурлан эл орд өргөөг байгуулах болжээ.