Уурхайчин талбай

Хотын статустай болсон “Бэрхийн уурхай”-н ам бүлд багтах хэн бүхэн “Соёлын төв”-дөө 3000 гаруй жоншоор “Уурхайчин” сэдэвт “жоншин шигтгэмэл” урлаж, доод хэсэгт нь анх мориор жонш тээвэрлэж байсан зураглал үйлджээ. Төвийн гадаа "Уурхайчин талбай"-д “уурхайчин” хөшөөг байгуулж хажууд нь томоохон жоншны дээж байрлуулсан нь аргагүй л “жоншны орон” аж.  
 

1954 онд байгуулагдсан Бэрхийн уурхай нь Монголын хайлуур жоншны томоохон ордын нэг бөгөөд тухайн үед улсын төсвийн 20-30% хангаж байв. 25 кв.км талбайд 400м хүртэл гүнээс жонш олборлож байгаад 1997 онд усны түрэлт, нөөц багасалтын улмаас зогсоосон аж. Бэрхийн уурхайгаар дамжаагүй Монголын уул уурхайн мэргэжилтэн, уул уурхайн салбарын удирдлагууд гэж бараг байхгүй гэдэг. Эдүгээ Бэрхийн уурхайн цооногуудыг аялал жуулчлалд ашиглах талаар судалгаа, төлөвлөлт хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Хайлуур жоншны найрлагын 51.1 хувийг кальци, 48.9 хувийг фтор бүрдүүлдэг бөгөөд өнгөгүй тунгалаг, цагаан, шар, саарал, ягаан, тунгалаг хүрэн, ногоон, улаан өнгөтэй ч байдаг. Хамгийн агуулга багатай жоншийг төмөрлөгийн үйлдвэрт ган хайлуулах, төмрийн хайлш бэлтгэх, гагнуурын электродын бүрхүүл зэргийг хийхэд ашигладаг.  Дунд зэргийн агуулгатай жоншийг керамикийн үйлдвэрт гэрлийн сүүн шилнүүд үйлдвэрлэх, пааландах, гал тогооны хэрэгсэл хийхэд ашигладаг. Өндөр агууламжтай жоншоор гидрофлорын хүчил гаргаж авах, маш өндөр үзүүлэлттэй телескоп дуран, зургийн аппаратны дурангийн линз, анагаахын салбарт ашиглах нарийн дурангийн шилнүүд, харааны линз шил үйлдвэрлэхэд ашигладаг. Мөн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлд хэрэглэдэг.

Хүмүүс 1868 оноос жоншийг мэддэг болж “Fluorite” хэмээн нэрлэх болсон. Жоншны олборлолтоор Монгол орон дэлхийд эхний 5 хүртэл байранд ордог. Эдүгээ жилд 300-460 мянган тонн хайлуур жоншны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа билээ.