Өндөр дэгт нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт байдаг ба Гандантэгчэнлин хийдийн анхны хамба лам, Монголын шашны их сургуулийг үндэслэн байгуулагч, Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч, Номч мэргэн цолт Самаагийн Гомбожавын мэндэлсэн газар юм. Тэрбээр Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошууны нутаг Дэгт гэдэг газар 1902 онд мэндэлжээ. 5 настайдаа нутгийн маарамба лам Ваанжилаар төвд ном заалгаж 1909 оноос хошууны хийдэд шавилан сууж, 1935 онд “Чойрын таван боть” хэмээх гүн ухаанаар гавж мяндаг цол хамгаалжээ. 1939 – 1950 онд модны артель, авто нефтийн хэрэг эрхлэх газар хариуцлагатай алба хашиж байгаад 1951 – 1960 онд ШУ-ны хүрээлэн, Төв номын сангийн төвд номын фондын эрхлэгчээр ажиллангаа МУИС-д төвд хэл зааж, лекц уншдаг байв. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар өргөмжлөгдөж, 1961 онд “Номч мэргэн цол”-оор шагнагджээ.
1970 онд Монголын шашны дээд сургуулийг үндэслэн байгуулж, мөн онд Улаанбаатар төвтэй “Азийн буддистуудын Энх тайвны бага хурал” хэмээх Олон улсын байгууллага бий болж ерөнхийлөгчөөр нь С.Гомбожавыг сонгожээ. Тэрбээр 20 гаруй олон улсын хурал, НҮБ-ын чуулганд хүртэл оролцон илтгэл тавьж дэлхийн буддистуудын дунд нэр алдрыг олж, 1979 онд XIY Далай ламыг анх удаа Монголд урьж ирүүлжээ.
Мөн онд Унгар улсын ШУА-ийн “Норж До Чоне”-гийн хүндэт шагналыг хүртсэн бол 70 насны ойгоороо “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан байна. Тэрбээр Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар 20 жил ажиллаж байгаад 80 насандаа таалал төгсчээ. Эдүгээ С.Гомбожав агсаны хүй цөглөсөн газарт “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулж шашны аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Тус газар 110 жилийн ойгоор нь дурсгалын хөшөө байгуулан овоо босгожээ.