Угтамын хийдийг 1777 онд Содовравжаалин нэртэйгээр анх байгуулжээ. Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Тугийн хийдээс Наваан-Осор дооромбо сүм хийд барих газар эрж явсаар одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт байгалийн үзэмж бүрдсэн Дээд Могойт гэдэг газрыг мэргэ төлгөндөө шинжээд таарч тохирох газар мөн байна хэмээн иртэл нэг хар хүн булгаас хуцаа услахаар иржээ. Амар мэнд асуулцаж нэрийг нь асуухад Дэлгэр хэмээсэнд бэлгэшээж “шашин дэлгэрэх газар” байна, мөн эцэг мал усалж байгаад олзуурхаж тэр даруй хоёр чулуун дуган барьж эхэлжээ.УГТАМ ТЭГЧИНЛЭН хийдийг сэргээх санаачилгыг тус хийдэд 8 наснаасаа 18 нас хүртлээ шавилан суусан ууган шавийн нэг болох Т.Базаргүр ламтан /өвгөн лам хэмээн нэрлэгддэг/ ажээ. XVII жарны төмөр морин жил буюу 1990 оны хавар Баяндун сумаас Өвгөн лам гэр бүлийн хамт ирж Могойтын рашааны баруун талд майхантай байрлаж дөрөв хонохдоо хийдийг дахин сэргээхээр шийджээ. Намрын сүүл сард Баяндун, Дашбалбар сумын сүсэгтэн олны хүч зүтгэлээр суварга босгосноор хийдийг сэргээх ажил эхэлсэн. Дашбалбар сумын сүсэгтнүүд хийдийг сахиж гурван тэмээн тэргээр чулуу, шавар, мод зөөвөрлөж хамтран байгуулжээ. Дуганы зураг чимэглэлийг зураач Лхагва урласан байна. Эдүгээ зуны улиралд хурал ном хурахаар лам хуврагууд морилдог аж.