Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзийт сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 7-8 км өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна.
Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ 2 худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй нь байдаг. Түүний баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр (38 см), гарын алганы мөр үлдсэн хэмээдэг.
Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэзуугийн цорж лам Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ.
Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Тус хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ. Түүний баруун гар талд “Өлгий” хэмээх босоо хүн зогсоогоороо таардаг ухмал хад бий. Дээш авиран гарахад нэг овоо байх бөгөөд эрэгтэй хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морио уядаг байсан гэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг дурсгалууд байдаг. 1967 онд хийдийн барилгад судалгаа, хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин гарцыг сэргээжээ.
Энэ хийдийн барилгууд монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсаас хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах