Сарьдагийн хийд буюу Цагаан хот

Хан Хэнтийн нурууны их хөвчид Бух ян, Сонгино ян, Сарьдаг гэсэн чандмань эрдэнийн байршлаар орших гурван том уулын зүрхэн тушаа газар буюу Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд наран ургах зүг рүү харсан байдалтайгаар нэгэн шашин төвтэй хүрээ суурин оршиж байжээ. Түүнийг Сарьдагийн хийдийн туурь гэх бөгөөд д.т.д 2000 мет­р өндөрт оршдог. Сарьдаг уулсын хоёр сугаар гол урсаж Туул голын эх рүү нийлдэг ба энэ нь байгалийн тансаг үзэмжийг бүрдүүлдэг.  

Нисдэг тэрэг, мориноос өөр унаа үл хүрэх хөвч тайгын энэ гүнээс ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн туурийг илрүүлж малтан шинжилснээр түүхийн хосгүй үнэт олдворуудыг олсон юм. Сарьдагийн хийдэд нийт 9 байгууламж, гурван суварга, чулуун хэрэм байгааг тогтоожээ. Зөвхөн нэг байгууламжийн гол цогчин дуганы нэгээхэн хэсгийг нь түүхч, археологичид малтан шинжилж байна. Малтлагыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор ахалж өөрсдөө бие дааж, гадаадын судлаач, хөрөнгө оруулалтгүйгээр үндэсний том төслийг амжилт­тай хэрэгжүүлжээ.

Хүрээ хотын бүтэц зохион байгуулалтыг бүрэн таньж мэдэх хэмжээний судалгааг хийж, XVII зууны үеийн Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж байсан Төгсбаясгалант Номын Их хүрээ буюу Цагаан хот байрлаж байсан газар гэдгийг олон эх сурвалжаар баталсан.  

 

2013-2017 онд тус хийдийн туурийг малтан судалсан. Сарьдагийн хийд нь 9 барилга, гурван суварга, 2 метр гаруй өндөр чулуун хэрмээс тогтох ба малтлагын үр дүнд 15 см өндөртэй шавар бурхад, нарны цаг, эрдэнийн чулуун эрхи, 1600-гаад оны үед баатруудын эдэлж хэрэглэж байсан төмөр дуулга, хуяг, илд, цахиур гар буу, алх дөш тэргүүтэй соёлын өвийн олон тооны үнэт зүйлс гарсан.

Малтлагын нөхцөл: Малтлагын газар руу Зил-131 машинаар хоёр өдөр намаг балчиг туулж зүтгүүлж хүрнэ. Эсвэл Мөнгөнморьт сумын ойролцооноос мориор намаг торлог, ой модон дундуур өдөржин явж үдшийн бүрийгээр Сарьдагт хүрч болно. Мөн Налайх дүүрэгт байр­лах Зэвсэгт хүчний нисэх ангийн “Ми-8” нисдэг тэргээр Туул голын ай савыг даган цаг гаруйхан нисээд Бух ян уулын хормойд буугаад тэндээс хэдэн км өгсөж алхаад малтлага хийж буй газарт хүрэх боломжтой.

300 гаруй жилийн өмнө аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй Сарьдагийн хийдийн туурь, хамгийн том барилга буюу цогчин дуганы малтлага ажилд Түүх, археологийн хүрээлэн тэргүүлэн, Богд хааны музей, Улаанбаатарын их сургуулийн оюутан зэрэг 30 гаруй залуучууд оролцжээ. Нурсан хотын туурийг 300 жилийн хөрс түрж, дээр нь ногоо ургасаар бүхэлд нь битүү дарчихсан байжээ. 300 гаруй жилийн настай модыг зайлуулж хэдэн мянган метр куб чулууг эгнүүлэн өрж, шороог уул овоо мэт хэрмийн гадна талд нягт нямбай овоолох зэрэг нь маш их цаг хугацаа шаардсан ажил байв.

Цагаан хот:  Сарьдагийн хийдийг тойрсон шороон хана хэрэм байсан, хэрмийн дотор талд 1.5 метрийн өргөнтэй, 2 метр гаруй өндөр чулуун хэрэм байсныг илрүүлсэн. Шороон болон чулуун хэрмийн ойр орчимд хавтгай чулууг газарт шигтгэж явган хүний зам тавьсан нь мэдэгдэхүйц илэрчээ. Хэрмийн ханын чулууг байгалийн энгийн хадыг заадсаар нь хагалан хавтгай талыг гадагш харуулан нямбайлан өрсөн. Гадна хэсгийг шороогоор дэлдэж өнгөлөөд цагаан өнгийн шохой­гоор будсан байна. Гол хэрмийг шороо дэлдэж бариад түүнийгээ гадуур нь маш нарийн зассан чулуугаар хэрэмлээд чулуун дээрээ нэлээд зузаан цагаан шохой түрхэж барьсан нь тодорхой болсон.

Хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон. Суваргыг шинжлэхэд Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй төдийгүй суварган доторхи сүншиг аравнай яг хэвээрээ олдсон байна. Чулуун хэрмийн өндөр довжоонд модон хаалгатай, хаалга нь төмөр нугастай  байсныг илрүүлсэн.

100 гаруй метр квадрат талбайг бүхэлд нь чулуугаар бүрж шал зассан ба энэ нь хагалж хавтгай болгосон чулууг хөрсөнд шигтгэж дэвсэн хийжээ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьсан. Байгууламж бүр өндөр довжооноос хоёр талаараа буусан шаттай, дундаа том цогчин дугантай, тэрийгээ тойрсон барилга бүхий хот суурин байсан гэдгийг тогтоожээ.

Цогчин дуганы баруун хойд хэсэг нь тусгайлан зассан довжоон дээр 7 тасалгаатай байсан нь тогтоогдсон. Барилгын чулуун ханын нурангийн дээд хэсэгт салхивч цонхтой, тэр цонхноос дээш ханын үлдэгдэл 2м гаруй өндөр байгаа нь барилгыг хоёр давхар байсныг илтгэдэг.

Ваарны хагархай чимэглэл, тоосго, монгол аргаар хийсэн хадаас, төмөр утас олноор гарч ирсэн нь монголчууд дундад зууны эхэн үеэс тоосго, ваар, хадаас, төмөр утсаа өөрсдөө хийдэг байсныг нотолдог. Барилгын дээврийг элдэв чимэглэлтэй ваараар битүүлсэн бол шалыг хийхдээ шороог дэлдэж 10 см зузаан болтол дагтаршуулаад дээр нь дөрвөлжин палк шиг тусгайлан бэлдсэн модыг нямбайлан дэвсэж янзалсан нь тэр хэвээрээ хадгалагдан үлджээ.

Малтлагын гүн 3м гаруй болоод ирэх үед бадамцэцэг суурин дээр завилан суулгаж урласан 15см өндөртэй шавар бурхад олноор илэрч эхэлсэн байна. Олдсон бурхадууд Язгуурын таван бурхад гэдэг нь тодорхой болсон ба эвдэрч хэмхэрсэн байдалтайгаар мянга гаруй тоогоор олджээ. Дахин өөр олон бурхад ч хэдэн арваараа гарч ирсэн байна.

Үнэт олдворууд: Дөрвөн хөлтэй тулга, хүрэл тогоо, тогоон дотор бортгон суурьтай гангар шаазан, түүний дэргэд цул мөнгөн аяга тавьсан олдвор олджээ. Тогоон дотор будааны төрлийн ургамлууд, хушга, том ясан үртэй жимс хийсэн байжээ. Мөн тогооны дотор болон гадна талаас олон өнгийн чулуугаар хийсэн эрихний ширхэгүүд, жижиг мөнгөн эдлэлийн хугархай, мөнгөн зоос, нимгэн алтан ялтасны хэсгүүд, бурхан зурж урласан нимгэн мөнгөн ялтасны олон хэсэг хугархайнууд олдсон. Тулга, тогооны хойд талд төмөр ялтсан хуяг бүхий баатар хүний цээж хэсгийн өмсгөл, ялтсан шилэвчтэй төмөр дуулга, хоёр илд, мод нь өмхөрч үгүй болсон цахиур буу олджээ.

Хамгийн том олдвор нь нэг метрийн голчтой бадам цэцгийн дэлбээгээр тойруулан чимэглэсэн бурханы суурь байсан. Түүний ойролцоогоос шавраар хийгдсэн, олон зуун жил газарт дараас­тай байсан бурханы баримлын 130см урт гар, 120см урт хөлийн хугархай, маш том толгой, уран нарийн чимэглэл хийцтэй цээжний хэсгийг олсон байна. Цогчин дуганы их шүтээн байсан гэж үзсэн ба бурханы гар хөлийн хэлбэр хийц, хумс хуруу нь маш нарийн хийцтэй байгааг археологичид тогтоож уг бурханыг суурин дээр босоо дүртэй залагдсан гэж таамагласан.

Мөн модон хашлага дээр шавраар хийсэн өлзийт 8 тахилын дөрөв нь болох хос загас, бумба, бадам цэцэг, алтан хүрд гарч ирсэн. 1600 оны үеийн цэргийн жанжин хүн өмсч байсан хувцас хэрэглэл, сэлэм, мөнгөн аяга, алх дөш гэх мэт соёлын өвийн үнэт зүйлс олноор олдсон юм.

Судалгааны баг: Сарь­дагийн хийдийн малтлага судалгаанд археологич Э.Уртнасан, Ч.Энхтуул, шавар урлалын сэргээн засварлагч Н.Нандинцэцэг, Богдын музейн бурхан урлал судлаач Гүнчин-Иш, сүм хийдийн аман түүх судлаач, угсаатны зүйч Г.Бямбарагчаа, уран барилгын сэргээн засварлалтын судлаач Батцоож гэх мэт мэргэжилтнүүд ажиллажээ. Хэдэн зуугаараа олдож байгаа бурхад хоорондоо харилцан адилгүй, давтагдахгүй, маш уран нарийн хийцтэй. Хэдэн зуугаараа бүтээгдсэн Язгуурын таван бурхадын мэлмий, суурины бад зэрэг нь бүгд өөр өөр байсныг сэргээн засварлагчид тогтоосон. Бурхадын олдворууд газар доор 400 орчим жил байсан болохоор мөөгөнцөр нян бактериар бүрхэгдсэн байжээ.

Малтлагад оролцсон ирээдүйн археологич залуус эхлээд хөвчид ирээд олон өдөр чулуу, шороо зөөгөөд шантарч байжээ. Шувуу тэнгэрт эргэхээс өөр ямар ч хөдөлгөөн байхгүй, хамгийн ойрхон айл нь 70км зайтай, ийм зэрлэг эзэнгүй тайгад Монголын археологийн түүхэнд хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй газар, хамгийн том бие даасан малтлага хийсэн. 32 жилийн турш олон мянган хүний хүч хөдөлмөрөөр боссон хотыг нээн илрүүлэх малтлага байсан. Малтлагын багийн ахлагч, доктор С.Чулуун “яаж ч бодсон ой хөвчид хот байна гэж байхгүй” гээд санхүүжүүлэх газар олдохгүй байсан, “энэ том хотын туурийг малтах бол шал худлаа юм байна, төслийг зогсооё” гэж хүртэл бодож байжээ. Судлаачдын хувьд бодож санаж байгаагүй гайхалтай олдворууд гарч ирсэн хэдий ч энэ хотын бүтэц, зохион байгуулалт илүү чухал байсан гэдэг.

Сарьдагийн хийдийг хам­гийн анх 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэнээс хойш 1923 онд Судар бичгийн хүрээ­лэнгээс судлаачид томилон танилцуулж байсан гэнэ. 1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээ­лэн, Төв аймгийн музейн хамтарсан баг ирж үзчихээд буцсан байдаг аж. 2014 оны жижиг малтлагын дараа УБ хотын захиргаатай хамтран “олон улсын хурал” хийх үед Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандахад “... үнэхээр сонин юм байна. Манай нийслэлийн түүх улам өргөжнө, бид бүрэн дэмжиж ажиллая” гэснээр уг төсөл эзэнтэй болж, энэ дайтай малтлага хийгдэх үүд хаалга нээгджээ.

Түүхийн сурвалж: “Өндөр гэгээн Занабазар энд Сарьдагийн хийдийг байгуулж байсан талаархи аман болон бичгийн түүхийн баримт олон байдаг.

  • Халхын Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн багш Өндөр гэгээн Занабазарын намтарыг 1698-1702 онд түвд хэлээр бичиж “Гэгээн толь” хэмээн нэрлэсэн. Тус сур­валжид “... Жалба хэмээх модон морин (1654) жил Хэнтэй хан хэмээх газар Рибогэжэлин хэмээх хийдийг байгуулж эхлэв” хэмээсэн байдаг.  Эндээс үзэхэд, Өндөр гэгээн Занабазар Түвдээс буцаж ирсний дараа он буюу 1654 онд Хэнтий ханы өвөрт Рибогэжай ган­даншадувлин хэмээх Сарь­дагийн хийдийн эх суурийг тавьсан нь тодорхой байна.
  • “Богд Жибзун­дамбын анхны төрлийн нэр оршвой” хэмээх мон­гол сурвалжид “Эеэр засаг­чийн арван нэгдүгээр он хөх морин жил (1654) Богд Жибзундамба гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-гандан­шаддублин хэмээх Номын Их Хүрээ байгуулав” гэжээ.
  • Монголын түүхийн сурвалж, Их Хүрээний он дарааллын бичгүүдэд Өндөр гэгээн Халхын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн 1639, Хүрээний анхны 7 аймаг байгуулагдсан 1651 оныг ч “Их Хүрээ байгуулагдсан он” гэж тооцдоггүй. Харин Хэнтий ханд байгуулагдсан Их Хүрээ байгуулагдсан хөх морин жил буюу 1654 оныг “Их Хүрээ байгуулагдсан он” гэж албан ёсоор тооцдог байна.
  • Мөн 1873 онд Их Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодба нарын эрх баригчдаас тус хийдийн Вангай аймгийн лам нарт явуулсан нэг бичигт Их Хүрээ байгуулагдсан оныг заахдаа “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил (1654) цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” гэсэн байна.
  • 1925 онд Их Хүрээний албан ёсоор батлагдсан жаяг дотоод дүр­мийн оршилд ч 1654 оныг Их Хүрээ анх байгуу­лагдсан он гэж тэмдэглэсэн ажээ.

Эдгээр эх сурвалжаас үзэхэд Өндөр гэгээний байгуулсэн Цагаан хот буюу Сарьдагийн хийд нь хожим нутаг сэлгэн нүүсээр Туул голын хөндийд суурьшиж эцэстээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болсон байна. Өөрөөр хэлбэл, Өндөр гэгээнийг одоогийн Улаанбаатар хотыг үүсгэн байгуулагч мөн хэмээн үзэж болно.

Өндөр гэгээн Цагаан хотыг 32 жилийн турш байгуулсныг нотлох түүхэн баримт ч байдаг. Заябандидын бичсэн “Өндөр гэгээний намтар”-т “Садба хэмээх гал барс жилийн (1686) зун Рибогэжайлин хийдийн бурхан шүтээн бүтээсэнтэй зохилдуулж зарим лам нараар равнай хийлгэж соёрхов” хэмээн өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд, өмнө дурдсан модон морин жил буюу 1654 оноос гал барс жил буюу 1686 оны зун болтол даруй 32 жилийн турш Цагаан хотыг барих ажил үргэлжилсэн болохыг гэрчилдэг байна.

Сарьдагийн хийдийн алтан орой нь нарны гэрэлд гялалзан харагддаг гэсэн хууч ярианууд байдаг. Сүмийн дээврийг хооронд нь углуургадан ваараар хийж, эмжээрийг нь хээ угалзаар чимж алтаджээ. Мөн бусад хэсгийг боронзоор өнгөлж, алтан шаргал орой хийсэн нь малтлагаар ч олджээ. Энэхүү хот Халх Ойрадын дайны үед устаж үгүй болсон юм. Ойрадын цэргүүд Цагаан хотыг олж чадахгүй хэд хоног хөвчөөр бэдрэн явсны эцэст нарны гэрэлд гялалзан харагдсан цогчин дуганы оройг олж харснаар хийдийг олж очиж түйвээсэн гэдэг.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах