Хэнтий аймгийн төв Чингис хотын баруун урд “Хийдийн суурь” гэж нэрлэгдсэн олон овгор шороо, чулуун суурь бий. Энэ нь гурван зуу илүү жилийн шастир түүхтэй Гүндгаравлин хийд оршин байсны ул мөр юм. Халхын Шолой Сэцэнханы (1577-1652) санаачилгаар Хэрлэн голын эрэгт байгуулагдсан энэ хийд зургаан дацан, дөрвөн аймаг, арван дуган, арван дөрвөн сүм суварга, арван жастай, таван зуун хорин ламтай (1930-аад оны байдлаар) байжээ. Сэцэнханы гол хийдийг Манжийн хааны Эебээр засагчийн 17 дугаар (1660) оны цагаан хулгана жил үүссэн баримтыг түүхч Хөдөөгийн Пэрлээ судлан тэмдэглэсэн байдаг.
Гүндгаравлин хийд нь ус элбэг, уудам талбиун хөндийд байрлажээ. Хийдийн ихэнх дуган сүмийг 1950-иад оны дунд үе хүртэл буулгаагүй байжээ. Сэцэн ханы Алтай жан өргөөний хэсэг нь Түвдэнжунай-шадавчойпэллэн хэмээх Чойрын, Гүндгаравлин хэмээх Цогчины, Санагдэчинчойнхорлин хэмээх Жүдийн, Ээвэмдашийпунцоглин хэмээх Дүйнхорын, Шампансойриг-шадавдаржаалэн хэмээх Мамбын, Гунгаасамдан-пэлжээлэн хэмээх Ёгын дацан болон зүүн урд нь Пунцагдэжидлэн, баруун урд нь Гэндэн-пэлжээлэн, баруун хойно Шадавдаржаалэн, зүүн хойно Пунцог-хамцалин аймгуудтай арван дугантай байжээ. Мөн Мянган бурханы, Хангалын гэсэн хоёр дугантай байжээ.