Хархорин, Эрдэнэзуу хийд рүү явах замд заавал зогсож түр амардаг нэгэн цэг бол Элсэн тасархай ба Хөгнөхаан уул юм. Уулын дунд хавьцаа урд энгэрт баруун урагш харсан дараалсан хоёр аманд Өвгөн ба Залуу хийдийн туурь байх ба эх сурвалжуудад Хөгнө тарнын хийд гэж тэмдэглэгджээ.
ӨВГӨНИЙ ХИЙД: Эрдэнэхамбын хийдээс зүүн тийш дараагийн аманд байх бөгөөд уул өөд 1км гаруй явган явж хүрдэг ба мориноос өөр унаа очихооргүй бартаатай нарийн жимээр явдаг. Хийд байх уулын ам баруун урагш харсан бөгөөд уулын ам өөрөө ертөнцийн нарны туяаг гараа дэлгэн тоссон мэт байршилтай. Сүм рүү өгсөх замын эргэн тойронд судар ном өрөөд тавьчихсан юм шиг үелэн тогтсон өвөрмөц хадан ханууд бий. Төвдийн Потала ордныг дуурайлган Өвгөний хийдийг бүтээсэн ба эдүгээ уулын энгэр өөд өгсүүлэн чулууг маш нарийн нямбай ур хийцтэйгээр давхарлан өрсөн хана бүхийгээр барьсан 10 гаруй сүмийн ором туурь үлджээ.
Өвгөн хийдийн тухай нэгэн хууч бий. Уулын тагтад Өндөр гэгээн Занабазар өөрийн шавь нарын хамт алтан ганжиртай, зун цагт хурал ном хурдаг, даяанч лам нарын шавилан суудаг ариун номын газрыг байгуулжээ. Халх Ойрадын дайн дэгдэхэд Галдан бошигтын цэргүүд Өндөр гэгээний албат лам нарын суудаг Өвгөний хийдийг хайж ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан учир цэргүүд ололгүй буцжээ. Гэтэл нэгэн эмгэн “цэргүүд буцаад явчихлаа, одоо энэ муухай навтсыг авъя” гэжээ. Төд удалгүй цэргүүд хайрханаас бууж өмнөх Эрээний нурууны оройгоор явж байтал нуугдаж хоцорсон Өвгөн сүмийн алтан ганжир наранд гялалзан харагджээ. Цэргүүд буцан ирж хийдийг олоод 100 орчим лам нарыг барьж хүзүүгээр нь холбон хөгнөж (монголчууд малыг ингэж холбож уядаг) хоёр талаас нь татаж боож алаад өндөр хясаан дээрээс шидсэн гэдэг. Ийнхүү цус ургасан энэ үйл явдлын нэрээр “хөгнө”, Галдан хааны “хаан” нэрийг авч Хөгнөхаан хэмээн нэрийдэх болжээ. Хөгнөх гэдэг нь “хүзүүгээр нь холбон уях” гэсэн утгаас гадна “хөнгөлөх” гэсэн утга бас бий.
Энэ хийдийн нарийн нандин шүтээнээс олон сайхан үнэт дурсгал Эрдэнэхамбын хийдэд шилжиж очсон боловч 1937 онд сүм хийдийг хааж тараахад устгагдаж сүйджээ. Өвгөний хийд ба Эрдэнэхамбын хийдийн туурины хооронд явганаар нэг цаг явдаг.
ЭРДЭНЭХАМБЫН ХИЙД: Буддын шашин соёлыг сүйтгэж байсан Төвдийн Лхандарма хааныг хөнөөсөн Лхаламбалдорж ламтан Төвдөөс дутааж Хөгнөхаан ууланд түр суужээ. Тэрбээр 1640 онд улааны шашны чиглэлээр нэгэн сүм бариулсныг 1693 онд Өндөр гэгээн Занабазар өргөжүүлж өөрийн багш Эрдэнэ цоржид зориулан Өвгөн ба Залуу хийд нэрээр хөгжүүлсэн гэдэг.
Эдгээр хийд Халх Ойрадын дайны үед сүйтгэгдсэн бөгөөд 200 орчим лам зугтааж Байгаль нуур орчимд суурьшсан нь буриадын нутагт буддын шашин дэлгэрэхэд нөлөөлжээ. 100 гаруй лам нь Галдан хааны цэргүүдэд алагдаж, эсэн мэнд үлдсэн цөөн лам нар Хар бухын балгасанд хурал номоо үргэлжлүүлж байсныг XYII зууны эхээр нүүлгэн шилжүүлсэн нь түүхэнд “Хөгнө тарнын дээд ба доод хийд” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
XX зууны эхэн гэхэд 1000 гаруй хуврагтай, Улаан Жамсран сахиустай Цогчин дуган, олон жасын дугана, ном судар барлах сүм, лам нарын хорооллоос бүрдсэн томоохон хийд байжээ. Эрдэнэ хамба, Халзан ширээт гэх хоёр хувилгаан ламтай, цам харайдаг, 45 хоног хайлан хурал хурдаг, ганжуур эргэдэг, домын болон гавжийн дамжаа барьдаг, урд ба хойд сундуй хэмээх хоёр том жастай байв. Эдүгээ Эрдэнэхамбын хийдээс чулуу, шавар, тоосгон хана бүхий тууриуд, цамын талбай, суварга, хүрдний ул мөр үлджээ.
YIII Богд гэгээний үед тус хийдийг Эрдэнэ хутагт хамба толгойлж байв. XIII Далай лам Монгол оронд морилон ирж өвөлжөөд буцахад нэгэн нууц элчийг Эрдэнэ хутагтад илгээсэн гэдэг. Элчийн авчирсан зарлигт “Дээрхийн гэгээнтэн ирээд буцлаа. Монголын буян Дээрхийн гэгээнийг дагаж магадгүй тул Монголын буяныг авч үлдэхийг Эрдэнэхутагт Та мэд” хэмээжээ. Энэ зарлиг тухайн үед тус хийд ямар байр суурьтай байсныг илэрхийлдэг.
Эрдэнэхамбын хийдийг 1992 онд Даваа хэмээх гэлэнмаа сэргээж Таван хааны сүм, Эрдэнэхамбын хийдийн сахиусны сүмийг сэргээн, бясалгалын хоёр асар, хоёр суваргыг бариулсан байна.