Балданбэрээвэн хийд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурханы чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигджээ. Улмаар 5000-6000 ламтай Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг болтлоо өсөж Монголын зүүн нутгийн ард түмний шашин соёлын төв болон хөгжсөн байна.

“Билэг өлзийт” хэмээх Цогчин дуган нь 3 давхар, 30 х 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншигийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүд болон гонхны өрөө тасалгаануудаас бүрдсэн Монголын хамгийн том уран барилга юм. Барайвун гэдэг нь санскрит хэлний дрэвун буюу “оргилсон будаа” гэсэн утгатай үг ажээ. Энэ нь Энэтхэг, Түвдийн Дрэвун хийдүүдтэй шууд холбоотой болохыг илтгэдэг.
 
Балдан барайвун хийд Гэлүгва ёсон буюу шарын урсгалын хийд бөгөөд ид хөгжиж байх үедээ 4 сургууль дацантай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байжээ. 1900 оны үед тахал гарч лам нарын тэн хагас нь өртөж үрэгдсэн байна. 1930 оноос шашны эсрэг хэлмэгдүүлэлт эхлэх үед лам нарыг нь баривчилж, байшин барилгыг нь нураан шатааж, бурхан тахилуудыг нь хайлуулж Дэлхийн II дайны бууны суманд хэрэглэжээ. Тэр цагаас хойш бараг 60 жилийн турш хийд рүү хөл хорьсон юм.
 
1990 онд цөөн тооны хэдэн лам нар Барайвун хийдэд эргэн ирж нутгийн ардуудтай хамтран жижиг модон дуган барьж хурал номыг нь сэргээжээ. Балдан барайвун хийдийн эргэн тойрон маш байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан  багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад,  мөн маань мэгзэм зэргийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ. Гэвч эдгээр бурхад нь ихээр сүйтгэгдсэн байдаг бөгөөд тэрхүү хэлмэгдүүлэлтийн бараан он жилүүдэд хэрхэн шашин соёлоо хайр найргүй устган эвдэж байсны гэрч болж байдаг. Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжит хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг. Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай.
 
Эх сурвалж: Монгол орны лавлах