Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт Шинэжинст сумаас баруун тийш 47км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошуунд харъяалагдаж байсан тус хийд нь 250 гаруй жилийн түүхтэй. Хийдийг Манжийн хааны тэнгэр тэтгэсний XY он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх үүсгэж Цогчин дуган байгуулж, мөн жилдээ Цогчин хуруулж усан туулай жилээс (1795) хайлан хурал эхэлжээ.
(Буйран дээр нь хожим сэргээсэн сүм) Анх хийдийг байгуулах газрыг сонгохдоо усан тэлмэн жороо морь унасан 9 ламтан газар шинжин нааш цааш явах үед, тэр хавьд эртнээс нутагласан нэгэн ядуу өвгөн эмгэн хоёрын гэрийн үүдээр өнгөрч явтал ямаагаа сааж суух зуураа тэднийг гайхан харсан 2 хөгшин хөнөгтэй сүүгээ асгачихсан гэнэ. Сүү асгарсан газрыг сайн хэмээн 9 лам ихэд баясаж тэнд хийдээ байгуулахаар тогтжээ. Энэ хийд бол баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятад худалдааны 15 пүүс, Оросын худалдааны 3 сантай, ойр орчиндоо 10000 гаруй хүн амыг төвлөрүүлсэн тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв.
1904 онд XIII Далай лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянт хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан мэдээ байдаг. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дуган барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байна. Уг шавын чулуу нь одоо хийдэд бий. Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо байх бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид мөргөж сүсэглэдэг. Өөр нэг сонирхолтой баримт гэвэл, нэрт зураач Николай Рерих 1927 оны 4-р сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан байдаг.
Амарбуянт хийд нь байгуулагдсан цагаасаа хойш олны хөлийн газар байсан бөгөөд Торгоны замтай ойр, мөн Хөх хот, Үрүмч, Ховд, Улиастай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол зангилаа болж байсан нь Юмбэйсийн хүрээний хөгжилд томоохон түлхэц өгч байжээ. 1920-иод оноос хойш Монгол орон урд хилээ хааснаас шалтгаалж гол үүрэг нөлөө нь багассан байдаг. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Амарбуянт хийдийг нураасан учраас хийдийн талаархи түүх бүдгэрсэн гэж үздэг. Одоогийн сэргээсэн хийдэд 2001 оны өвөл Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди зочилж, Энэтхэгийн Бодгаяад бүтээлгэсэн Дарь-Эхийг залжээ.