Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ийвэн голын эхэнд байдаг. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчууд барилгын ажлыг эхлүүлж тоосго, модоор барьж 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь монгол нэр бөгөөд анх эл хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоогийн энэ газарт Амар гэх нэртэй эрэгтэй хүүхэд, Баясгалант хэмээх нэртэй эмэгтэй хүүхдийн хамт чулуугаар гэр барин тоглож байсантай тааралдсан гэдэг.
 
Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ. 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна.
 
Эдүгээ тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Амарбаясгалант хийд нь Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байсан гэдэг. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн монгол эх хадгалагддаг. Эдгээр монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг.  
 

Цогчин дуган нь 32 х 32 метр хэмжээ бүхий талбайтай,  2 давхар барилга бөгөөд ур хийц, гоёл чимэглэлийн хувьд Монголд төдийгүй Азид хосгүй гоёмсог уран барилга юм. Дуганд байх 4 том гол багана нь голоороо ховилтойгоор хийгдсэн байдаг нь дээвэр дээрхи бороо цасны усыг гадагш зайлуулах үүрэгтэй ажээ. Тус хийдийг барьж байгуулахад оролцсон уран дархчуулд Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар “Билэгт дархан”, “Хэтэрхий зоригт дархан”, “Нягт хичээнгүй мужаан”, “Хурц дархан”, “Гоц уран”, “Арга билэгт мужаан”, “Ачит дархан” зэрэг цолыг тус тус олгож лан мөнгө, хонь мал зэргээр урамшуулжээ.

 

Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих зан үйл хийдэг. Гонгорын бумбын хурлыг жил бүрийн 8 дугаар сард хийх бөгөөд бумбыг зөвхөн тус хийдэд бүтээж маш нарийн дэг жаягаар аравнайлдаг байна. Есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц хүж, цай гээд нарийн нандин зүйлс ордог. Бүтээлгэсэн хүн нь бумбаа жилд нэг удаа тахиулдаг бөгөөд хир буртаг оруулахгүй, хамаагүй хөдөлгөж эдэлдэггүй байна. Дахин тахиулахдаа энэ хийд дээр авчирч тахиулдаг. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас цалин цагаан мөнгөөр бумбыг бүтээлгэдэг байна. Гонгорын бумбыг “баяжихын бумба” гэдэг бөгөөд бүтээлгэснээр буян хишиг арвижиж, эд хөрөнгөөр элбэг дэлбэг болдог ажээ.

 

Жарун хашор суварга: Амарбаясгалант хийдийн баруун хойд толгой дээр Жарун хашор хэмээх “нүдтэй суварга” бий. Жарун хашор гэдэг нь “ам алдсан нь” гэдэг утгатай ажээ. Домогт өгүүлснээр, цаст Түвдийн оронд өгөөмөр сэтгэлт нэгэн ядуу эмгэн дөрвөн хүүгийн хамт амьдардаг бөгөөд насны эцэст буян хурааж суварга босгохоор шийджээ. Тэгээд Түвдийн хаанд бараалхан зөвшөөрөл хүсч газар зааж өгөхийг гуйж гэнэ. Харин хаантан “энэ ядуу эмгэн юугаараа суварга барив” гэж бодоод “тэг тэг, хаа дуртай газраа барь” хэмээжээ. Эмгэн дөрвөн хүүгийн хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээд урагшилсанд нутгийн ноёдууд дургүйцэж “ядуу эмэгтэй суварга бүтээх нь язгууртан ихэс дээдэс бидний нэр төрд халтай үйл явдал” гээд хаандаа бараалхан эмгэний суварга босгохыг нь болиулж өгөхийг хүссэн айлтгал өргөж гэнэ. Тэгтэл хаантан “нэгэнт би зөвшөөрч тэг тэг гээд ам алдсан учир түүнээсээ буцахгүй, хаан хүн нэг зарлигтай байдаг юм” хэмээн хариулжээ. Эл явдлаас үүдэн суваргыг “ам алдсан нь” буюу Жарун хашор гэж нэрлэсэн гэнэ.

 

Хожим энэ суваргыг бүтээх үйлсийг Баруунбүрэн сумын харъяат О.Бадам, Д.Пагважав нар санаачилжээ. Мөн тус суваргыг "Нүдэн суварга" гэж нэрлэдэг бөгөөд мөргөж залбирхаар ирсэн хүн "мэлмий рүү нь ширтэн харах юм бол нүгэл хилэнцээс салдаг" хэмээн ярьдаг. Суварга тойруулан сүсэгтэн олны хандиваар 108 хүрдийг залсан байх агаад хүрд бүрт Г.Занабазарын бүтээсэн “Соёмбо”-ыг товойлгон дүрсэлжээ.

 

Хийдийн зүүн хойд толгой дээр буддын шашны гэлүгва буюу шарын урсгалыг үндэслэгч Богд зонховын сэрэг дүрийг 13 метр өндөртэйгөөр бүтээж, хоёр шавь болох Жалцавжий, Хайдавжийг залжээ. Богд Зонхов хүртэл 108 шат үргэлжлэх бөгөөд замын дунд 3 удаа түр амсхийн эргүүлэх 3 хүрд байрлуулжээ.
 
Эх сурвалж: Монгол орны лавлах