Аглаг бүтээлийн сүм

УБ хотоос баруун хойш 100 км засмал замаар явж хүрэх зайд, Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт оршдог. Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны танин мэдэхүй, эргэл мөргөл, байгалийн аяллын ариун дагшин газрыг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн танигдсан урлаач Г.Пүрэвбат бөгөөд эл газрыг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

Аглагийн хийдийг зорин очиход хамгийн түрүүнд “Асарт хаалга” угтах ба хаалганы дээд талд “Язгуурын гурван бурханы суварга” залагдсан байдаг. Хөх, цагаан, улбар шар өнгийн суваргууд байх ба Хөх өнгөөр монголчуудыг ивээгч сахиус Очирваань бурханыг, цагаан өнгөөр аливаа аюулаас аврагч Чагши Жанрайсиг бурханыг, улбар шар өнгөөр оюун ухааныг дээдлэгч Манзушир бурханыг төлөөлүүлжээ. Асарт хаалгаар нэвтрэхийн тулд 5000 төгрөгний хураамж төлнө. Машины зогсоолоос цааш тусгайлан зассан явган хүний шат бүхий замаар гол сүм хүртэл алхана. Замын эхэнд нэгэн булаг байх ба түүнийг хамгаалан жижиг сүм суварга хэлбэрийн байшин барьж, гадагш цорго гаргажээ. Ходоод гэдэсний эмгэгт сайн гэх тус рашаанаас халуун өдөр ундаасаж цангавал хүртэх боломжтой.

Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүм, Сонин содон зүйлийн музей, Газрын даруулга яст мэлхий, Алтан өндөг, Найман хөлт арслан, Үст загас, Дархлагдсан мод, Үүдэн хад, Эргэх хавцал, Арга билгийн шүтээн, Эхийн сав, Амьдралын үүд мод, Заан хад, Ембүү хад, Лам хад, Тэнгэрийн нударга хад, Мөр хад, Суудал хад, Хүрдэн гишүүнт мод, Гулсдаг хонгил, Үдэлтийн суудал хад гэх өвөрмөц тогтоц, хэлбэр дүрс бүхий хад, мод, чулуунууд, эд баялгийн Замбала бурхан, Монголыг даасан сахиус Очирваань бурхан, гэгээрсэн Будда, оюун ухааны Манзушир, нас уртасгагч Цагаан дарь эх, тэнгэрээс буусан сүм, Алтан будда, Цагаан өвгөн сахиус, хэвтээ Будда гэх мэт бурхадын дүрүүдийг үзэж танилцан аялснаар тус хийдэд зорчих ариусал мөргөлийн аялал өндөрлөнө.

Гарьд уулын энгэр дэх өвөрмөц хад чулууны тогтоцыг урам сэтгэмжээр хөглөн арслан биетэй, хангарьд толгойтой амьтны дүрсэд хувирган “Арслан гарьдын хүү найман хөлт арслан” урлажээ. Буддын шашны үлгэр домогт сүм хийдийн хамгаалагч амьтадаар арслан, хангарьд зэрэг амьтад өргөмжлөгдсөн байдаг учраас тус сүмийн хамгаалагч гэдэг утгаар бэлгэдэн бүтээсэн гэдэг. “Газрын даруулга яст мэлхий” нь эртнээс нааш монголчуудын шүтэж ирсэн урт удаан нас, амар амгалангийн бэлгэдэл болно. Хийдийн зүүнтээ загасан толгойтой, халиу биетэй “Үст загас” хэмээх чулуун сийлбэр байх ба эдгээр хоорондоо үл зохицогч амьтадыг ийнхүү эвлүүлэн тавьсан нь “сайныг бэлгэдсэн учиртай” хэмээн бурханч ламтан өгүүлсэн. Сүмийн өмнөх талбайд олон төрлийн сарнайн модыг тарьж ургуулсан байдаг.  

Гол сүмийн дотор талд ургаа том чулуу байх агаад түүнийг “Өөрөө үүдсэн ширээ” хэмээнэ. Анх сүмийг барихаар буурь засах гээд тэрхүү чулууг зүсэж хагалан авахаар завджээ. Гэтэл гэнэт түймэр дэгдсэн гэдэг. Бурханч лам тэр шөнө нөгөөх чулууг тод зүүдэлжээ. Тэрхүү чулууг хөдөлгөж болохгүй юм байна хэмээн ойлгоод сүмийнхээ дотор талд үлдээн Жанрайсиг бурханы зүрхэн тарни “Маанийн зургаан үсэг”-ийг сийлсэн.