Алтанхөхий (Төрийн тахилгат уул)

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна.
 
Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байв. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно. Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигаар Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.

Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургаж,  гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, эзэн савдагт нь өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр ирсэн ба өөрсдийн амьдралын сайн сайхан бүхнийг хайрхантайгаа холбон тайлбарладаг.

Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдахаас гадна оройд нь байх мөнх цасан малгай ямар ч аагим халуунд хайлна гэж үгүй. Нутгийн өвгөд хөгшид "Алтан хөхий уул хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан хэмээн эртнээс нааш домоглож ирсэн тул "Алтны эх" хэмээн хүндлэгддэг" гэж хуучилна. Хайрханыг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш ажээ.