Чулуут голын хавцалд шинэ чулуун зэвсэг болон хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг элбэг байдаг. Тэдгээр сүг зурагт төрж буй 6 эмэгтэй хүнийг дүрсэлснээс гадна нум сум харваж буй хүн, сүрэг буга, янгир, гараа өргөн зогсож буй хүн, үхэрнүүд, аргаль угалз, эрэгтэй хүмүүсийг хажуу талаас нь харуулсан байдалтайгаар, багтай хүн гэх мэт сонин дүрслэлүүд байдаг. Эдгээр дурсгалыг олон жилийн турш судалж, 1998 онд улсын хамгаалалтад авчээ. Янз бүрийн сэдэвтэй олон мянган зураг байгаагаас сонгох аргаар судалгаа хийж, дараах хэсгүүдэд хувааж тайлбарласан байдаг.
Өвчүү толгойн зурагт, малгай өмссөн, гартаа ямар нэгэн шийдэм барьсан гурван хүний дүрс бий. Түүнээс гадна янз бүрээр дүрсэлсэн олон үхрийн заримыг нь хүмүүс хөтлөн яваа дүрс, буга төрхийн амьтан дээр хоёр хүн сундалдсан дүрслэл, дэргэд нь хоёр хүн байгаагийн нэг нь гартаа бугуйл барьсан байдалтайгаар зурагджээ.
Урд Чингэстэйн хэсэгт янз бүрийн өмсгөлтэй хүмүүс бүжиглэж байгааг, урт соотон чихтэй, унжсан бүдүүн хүзүүтэй, жижигхэн биетэй, оодон сүүлтэй, урт хөлтэй морьдын хамт дүрсэлжээ.
Сайрын булангийн хэсэгт буга харваж буй анчид, дээрээс харсан байдлаар олон аргал хонь, хоёр гараа дээш өргөсөн хүнийг ан амьтны хамт, хоёр гараа өргөж хөхөө унжуулан сөхрөн суусан хүн зэргийг зуржээ.
Богочийн булангийн хэсэгт нэг анчин гартаа мод барьж, нөгөө гартаа гахай маягийн амьтны сэрвээнээс зуурч атгасан байдалтай дүрслэл байдаг. Мөн гуяндаа сум зоолгосон янгирын дүрс, хоёр янгирыг хошуугаар нь холбож, зүүн гар талын янгирын араас араатан амьтан ноцож байгаа дүрслэл, маш урт хүзүүтэй сүүлээ сөхөн өргөсөн амьтны араас араатан амьтан гэтэх маягтай дүрслэл байдаг.
Цагаан асгатын тохойн зурагт үхрийн дэргэд хэд хэдэн бүжиглэж байгаа хүн, олон гэр бүл сүрэглэн яваа, тэдний дунд жирэмсэн эхчүүд, мөн төрж буй эмэгтэйчүүдийн дүрслэл зургууд байдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах