Архангай аймгийн Тариат сумын төвөөс баруун тийш Хойд Тэрхийн голын хойд биед Долоон модны амнаас олдсон бөгөөд Түрэгийн үед холбогдох руни бичгийн дурсгал бүхий гэрэлт хөшөө юм. Эл дурсгалыг олох үед дээд хэсэг нь хугарсан, газраас дээш 1 метр орчим цухуйж, доошоо 20 см орчим нь булагдсан байдалтай олджээ. Малтлагын үеэр хөшөөний суурь болох мэлхий чулуу олдсон бөгөөд зүүн зүгт хандуулсан байв. 1956 онд Монголын ууган археологичдын нэг Ц.Доржсүрэн олсон ба 1970 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судлаачид хөшөөний дээд хэсгийн хоёр хугархайг мөн тэр орчмоос олсноор гэрэлт хөшөө бүтэн болжээ. Хугархайнуудыг нийлүүлснээр урт нь 2 метр, өргөн нь 27-30 см, зузаан нь 20 см болсон байна. Хөшөөнд 30 мөр түрэг бичээс буй.
Тариатын бичээс бол Төв Азид төр улсаа байгуулж байсан Түрэг, Уйгарын хаант улсын болоод нүүдэлчдийн түүх, хэл, соёл, ёс заншлыг судлахад чухал ач холбогдолтой эх сурвалж болдог. Бичээсийг түрэг судлаач М.Шинэхүү тайлан уншиж судалгааны эргэлтэнд оруулсны дараа нь Б.Базылхан, С.Г.Кляшторный, Т.Текин нар судалжээ. Эхний 7 мөр бүтэн, 8-9 дүгээр мөрний зарим нь эвдэрч гэмтсэн тул хагас дутуу, 11-15 дугаар мөр бүрэн тайлагдаж, 16-28 дугаар мөрний бичээсүүдийн ихэнх нь ховхорч арилсан тул утга санаа нь хагас дутуу уншигдаж, сүүлийн 29, 30 дугаар мөрний утга санаа бүтэн илэрхийлэгджээ.
Бичээсийн агуулга: “Тэнгэрт болгоогдсон эл иргэнийг хураасан улсын мэргэн хаган нэрийг олсон, хатан нэрийг хэрхэн хүртсэн, дайн байлдаанд хүн зоныг олзлон авсан” тухай, “Тэнгэр хан түүний морин цэрэг Есөн татарын 17 бага сайд тонгра, сөнгүт, мянгатуудын тэгид тойд нараас гэрэлт хөшөөг бичүүлэхэд хан түүний торгон цэргийн ахлагч, эрэлхэг Атачик, ноён Чигши хоёр, бага тархан гурван зуун торгон цэргийн хамт зогссон” тухай, “Тэнгэрийн хан түүний хөвгүүдийн захиран суусан өрнө, дорно жигүүрийн мэргэн их ябгу, чад /шад/, хутагт сайдууд, шадар дотно жанжид, өтгөс буурал, өдий төдий хүмүүс энэ бичгийг бүтээхэд оролцсон” тухай өгүүлжээ.
Хөшөөний бичээсийг бүхэлд нь хураангуйлан авч үзвэл, “Торян гэгч тэнгэрт болгоогдсон улсыг хураасны тул хаан, эхнэр нь хатны нэрийг олж, улмаар орд өргөөгөөгөө сүндэрлүүлэн босгож, төр улсаа цогцлон байгуулсны билэг тэмдэг болгон гэрэлт хөшөө босгож, дөрвөн зүгээс нөмрөх дайсны аюулыг номхотгон, улс орноо төвхнүүлж, засаг төрөө батжуулан, орд өргөөний мэргэн зөвлөх, шадар туслагч сайд, дархан ноёд түшмэд, цэргийн жанжид, Телис, Тардушийн ябгу шад болон цэргийг эмхлэн зохион байгуулсан” зэргийг өгүүлээд, эл дурсгалыг үйлдсэн ёс горим, Түрэг, Уйгар улсын алдар сүр мандсан Өтүкэн уулын дунд орших Сөнгүз түмний тахилгат нутаг Ыдук Башканы өвдөгт орд өргөөгөө босгосон тухай өгүүлдэг.
Тус Тариатын бичээс нь эдүгээ Монголын Үндэсний Музейн “Түрэгийн олдворын танхим”-д хадгалагдаж байдаг.