Г.М.КУРОПАТКИНЫ ДУРСГАЛЫН ХӨШӨӨ: Халхголын зүүн эрэг дээр Элст манханд Зөвлөлтийн армийн командлалын захирагч Куропаткиний нэрэмжит дурсгалын хөшөө сүндэрлэж байдаг. Халхголын байлдаанд япончуудын эсрэг эрэлхэгээр тулалдаж амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн их буучдын дурсгалд зориулан байгуулсан бөгөөд 1939 онд Зөвлөлтийн армийн дайчид их бууны сумны хонгиог гагнаж босгожээ. Эл хөшөөг Халхголын байлдааны ялалтын 15, 20, 25, 30, 40 жилийн ойгоор сэргээж байжээ.
Хөшөөний дэргэд Зөвлөлтийн Улаан армийн баатарлаг дарга Г.М.Куропаткин, А.Щ.Бельтиков, Л.А.Аршинов, Н.С.Сосунов, С.В.Казаков нарын зэрэг олон дайчин мөнх нойрсож байдаг. Мөн хөшөөнд Зөвлөлтийн сүлд байх агаад баруун талын хананд “Японы түрэмгий империалистуудын эсрэг Монголын хилийг баатарлагаар хамгаалж амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн дарга, улс төрийн тушаалтан, Улаан цэргүүдийн үүрдийн дурсгалд зориулав. Халхголын баатар эрс та нарын нэрс аугаа их Зөвлөлтийн ард түмний зүрх сэтгэлд мөнх оршино” гэсэн үг бичээстэй байдаг. Хөшөөний зүүн талын хананд “Халхголын тулалдааны баатар Г.М.Куропаткин, А.Е.Бальтиков нарт” гэж бичжээ. Хойд талын хананд “Халхголын байлдааны баатар Л.А.Аршинов, Н.С.Сосунов, С.В.Казаков наргт” гэсэн байдаг.
ДАНДАР БААТРЫН АЛДРЫН ТЭМДЭГТ: Халхголын баруун эргийн урт гүн жалгын эхэнд тодоор гэрэлтэж харагдах улаан таван хошуутай намхан төмөр багана бий. Ард түмэндээ “алаг морьт баатар” гэж алдаршсан Л.Дандар дарга “БНМАУ-ын гарамгай баатар” гэдэг эрхэм дээд цол шагналыг энд хүртэж байжээ.
ЕРЭН БААТРЫН ХӨШӨӨ: Баянцагааны урд үзүүрт байрладаг Ерэн баатарын хөшөөг Монгол орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж, Халхголын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр босгожээ. Энэ хөшөө нь эдүгээ иж бүрэн цогцолбор хөшөөнүүд болон засварлагдсан бөгөөд энд ЗХУ-ын баатар И.И.Федюнинский, В.И.Демитрий нарын 110 алдарт дайчид, цэрэг эрсийн нэр бичигджээ. Хөшөөг Халхголын ялалтын 20, 25, 30, 50 жилийн ойгоор сэлбэн засварлаж шинэчлэн өөрчилж зарим жижиг хөшөөг өөр тусгай тавцангуудад байрлуулсан юм.
Гол хөшөөнд “энх тайвныг эрхэмлэгч Монголын ард түмний тусгаар тогтнол, улс түмний энх тайван, аюулгүй байдлын төлөө Японы түрэмгийлэгчдийн эсрэг Халхголын тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн дайчин баатрууд ба Монголын Ардын хувьсгалт армийн эрэлхэг цэргүүдийн яруу алдар бадартугай” гэж бичээд илд, буу хоёрыг зөрүүлэн байрлуулжээ.
Хөшөөний хашааны хаалган дээр “1939 оны 5-р сарыг хүртэл милитарист Японы эсрэг хийсэн Халхголын байлдаанд Зөвлөлтийн цэргийн 57 мянган хүн бүхий армийн нэгдүгээр групп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Энэ түүхэн тулалдаанд Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Зөвлөлтийн олон мянган эрэлхэг дайчин амиа зориулжээ. Энэ хөшөөг амь үрэгдсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын яруу алдарт дурсгалыг мөнхжүүлж, БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Халхын голын байлдааны ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм” гэж бичсэн байдаг.
ЗҮҮН ХАН УУЛЫН ХӨШӨӨ: Зүүн хан уулын хөшөө нь Халхголын баруун талд оршдог. Энэ хөшөө нь 1939 оны Халхголын байлдаанд Монголын тусгаар тогтнолын төлөө Японы түрэмгийлэгч нарын эсрэг баатарлагаар байлдан амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн дайчдын мөнхийн дурсгалд зориулагдаж хуягт машины цамхаг хэсгээр суурилагдаж хийгдсэн бөгөөд хананд нь “Тулалдаанд баатарлагаар амь үрэгдсэн А.И.Суворов, Песеско, А.Д.Колоцов, Жирников, Ф.Н.Жали, А.Ф.Скрытников, Кольшкин, Кашлеков, Б.Б.Браников, Июшин, М.Е.Бурлак нарын дурсгалд зориулав” гэж бичээстэй байдаг.
ИЛДЭН ХӨШӨӨ: Дорнод аймгийн хуучин Халхгол сумын төвд орших Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлын билэг тэмдэг болсон Илдэт хөшөө. Эл хөшөөнд “Хамт атгасан тэмцлийн илд, мөнх бадрах ялалтын сүлд” гэж Монголын залуучуудын анхдугаар тойрон аялал чуулга уулзалтад оролцогч Монгол-Зөвлөлтийн залуучууд 1969 оны 8 дугаар сард бичиж босгожээ. Халхголын байлдааны түүхэн ялалтын 30 жилийн ойн өмнөхөн “Дайчин алдрын түүхэн замнал” сэдэвт тойрон аялал зохиогдсон байна. Аялалд “ГАЗ-66” машин 22, Монголын талаас 15 залуучууд, 20 орчим сэтгүүлч сурвалжлагч, Чита мужийн төлөөлөгчид бүгд 300 шахам аялагчид оролцсон байна. Эл баримтаас үзэхэд Монголын анхны томоохон групп аялал Дорнодын зүүн хязгаар нутгаар явагдаж байжээ.
КОМИССАР А.Н.ЗАГРИКОВЫН ХӨШӨӨ: Зөвлөлтийн Улаан армийн баатарлаг комиссар Александр Николаевич Загриковын дурсгалын хөшөө нь Баянцагааны нуруунд Яковлевын хөшөөний хойд талд 7 км орчим зайд оршдог. Зөвлөлтийн Улаан армийн моторжуулсан хуягтын 8 дугаар бригадын батальоны комиссар А.Н.Загриковын дурсгалын хөшөөг 1939 онд босгожээ. Дайсантай тулалдаж байх үед эвдэрсэн өөрийнх нь хуягт машины суурин дээр Зөвлөлтийн армийн дайчид хөшөөг босгожээ. Хөшөөний нүүрэн талд “Япон, манжийн цэргийн эсрэг баатарлагаар тулалдаж байгаад 1939 оны 7-р сарын 3-нд амь үрэгдсан 9415 дугаар ангийн комиссар дайчин нөхөр А.Н.Загриковын мөнхийн дурсгалд зориулав” гэж бичсэн байдаг.
М.П.ЯКОВЛЕВИЙН ХӨШӨӨ: Баянцагааны нуруун дээр ЗХУ-ын баатар М.П.Яковлевын танкны хөшөө сүндэрлэж байдаг. М.П.Яковлев 1903 онд Сибирь нутагт төрсөн бөгөөд ЗХУ-ын Коммунист намд 1924 онд элсжээ. “Баянцагааны тулалдаан” гэж алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7-нд болсон тулалдаанд түүний командалсан танкийн 11 дүгээр бригад алдар гавъяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулж байсан юм.
1939 оны 7-р сарын 12-нд Халхголын гарманд тулж ирсэн их буу, миномёт, пулемётоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж, 11 дүгээр танкийн бригад болон явган цэргийг биечлэн удирдаж явахдаа эцсийн мөчид Яковлев танкнаасаа гарч гартаа гранат бариад явган цэргийг удирдан дайсны өөдөөс давшилтад орж баатарлагаар амь үрэгджээ. Бригадын командлагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11 дүгээр бригадыг түүний нэрээр нэрлэжээ. Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газарт түүний жолоодож байсан “Б17” танкаар нь сүрлэг хөшөө босгож хөшөөнөөс 10 метрийн зайд алдрын хос багана босгосон нь Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдал, танкийн 11 дүгээр бригадын эрэлхэг 72 дайчдын мөнхийн дурсгал болон үлджээ.
Хөшөөний хананд “1939 оны 7-р сарын эхээр Баянцагааны нуруунд болсон тулалдаанд бригад командлан захирагч М.П.Яковлевын командалсан Зөвлөлтийн танкийн 11 дүгээр бригад онц гарамгай гавъяа байгуулан тулалдсаны төлөө босгов” гэжээ. 11 дүгээр бригадын дайчид дотроос 17 хүнийг ЗХУ-ын баатар цолоор шагнасан билээ.
МОНГОЛ ДАЙЧДЫН ХӨШӨӨ: Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс зүүн урагш 18 км зайд цэцэг алагласан талд гэрэлт цагаан хөшөө сүндэрлэж байдаг. Монгол дайчдын хөшөө бөгөөд энд 1939 оны 6-р сарын 28-нд 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороо, задгай маршаар явж байтал дайсны олон арван онгоц нэгэн зэрэг бөмбөгдөж, Монголын тал үлэмж хэмжээний хохирол амсаж, олон арван баатарлаг хөвгүүд эрэлхэгээр тулалдаж нас барсан газар юм. Тэдний гэгээн дурсгалд зориулж Халхголын ялалтын 15 жилийн ойгоор БНМАУ-ын засгийн газрын шийдвэрээр байгуулсан юм.
1939-1945 он гэсэн сүрлэг тоог сийлж хөшөөний гантиг чулуун хананд “Манай эх орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Японы империалистуудын эсрэг Халхголын байлдаанд амь үрэгдсэн Монгол Ардын хувьсгалт цэргийн эрэлхэг дайчдад мөнхийн дурсгал болгов” гэж бичжээ.
НАНЗАД БААТРЫН ДУРСГАЛЫН САМБАР: Халхгол сумын төвд Ардын баатар Нанзадын дурсгалын самбар бий. Эл самбарт “Домогт баатар Нанзад нарын хилчид 1928 онд Монголын хилд халдан довтолсон зэвсэгт дээрэмчдийг бут цохижээ. 1969 онд Дорнод Цагаан-Овоо сумын залуучууд, ахмад дайчид босгов” гэжээ.
СҮМБЭРИЙН ДАЙЧИН АЛДРЫН САМБАР: Сүмбэрийн домогт застав Халхголын Хамар даваанаас баруун урагш, Сүмбэрийн Цагаан нуурын баруун дэнжийн далд хөтөлд байрлаж байжээ. П.Чогдонгийн удирдаж байсан энэ застав нь БНМАУ-ын дархан хилд халдсан Японы жижиг том хэдэн арван цөмрөлтөд үхлийн цохилт өгч байсан учир дайснууд ихэд заналхийлж байсан гэдэг. 1939 онд тус застав хамгийн түрүүнд дайсны бөмбөгдөлтөнд өртсөн юм. Энд байгуулсан дайчин алдрын самбарт “эх орныхоо дархан хилийг Японы империализмаас хамгаалах байлдаанд гавъяа байгуулсан БНМАУ-ын баатар П.Чогдон даргатай Сүмбэрийн заставын эрэлхэг хилчдийн дурсгалд зориулав” гэжээ. Тус самбарыг хилийн цэргийн 40 жилийн ойгоор хилийн цэргийн ... дугаар отряд босгожээ.
ТАЛЫН МАНХАНЫ ХӨШӨӨ: Талын манхан бол Халхголоос зүүн тийш 20 орчим км. Номун ханы овооноос баруун хойш 10 гаруй км газарт байдаг тасархай ганц манхан юм. Энд Монголын хилийг хамгаалж байсан П.Чогдон даргатай 10 орчим хилчин цэргүүд Монголын хилийг зөрчин давж ирсэн японы 300 шахам дайсныг гэнэдүүлэн галлаж сандралд оруулан Монголын хилээс хөөн гаргасан түүхт газар ажээ. Талын манханд “Дайчин алдрын самбар” бий. Самбарт “БНМАУ-ын баатар П.Чогдонгийн удирдсан хилчид 1939 оны 2 дугаар сарын 16-нд Монгол нутагт цөмрөн орсон дайсныг бут цохисон юм. Хилчин залуучуудын анхдугаар буухиа аяллынхан 1978-07-18” гэж гуулин үсэг буулган бичжээ. Талын манханд “Дайчны алдрын багана” гэж бий. БНМАУ-ын зүүн хилд орших Хөлд ба Эрс хэмээх хоёр уулын хооронд байдаг Халзан /нутгийн ард “Үнэгэд”/ гэдэг намхан уулын өвөрт тус багана бий. Багана дээр “Эрэлхэг хилчин Гаасүрэнгийн ариун цогцос энд үүрд нойрсном. Монголын хилчин залуучуудын анхдугаар буухиа аялалд оролцогчид 1978-07-19” гэсэн бичээс бий.