Бунхан толгой

Эл хөшөөг 1939 оны Халхголын байлдаанд баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн нисэгчдийн дурсгалд зориулан Чойбалсан хотын зүүн хэсэг Бунхан толгойн оройд босгожээ.

Уг хөшөөг 1964 онд Халхголын байлдааны ялалтын 25 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн Газрын шийдвэрээр ардын армийн барилгачин дайчдын гараар босгожээ. Хөшөөний дурсгалын хананд БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Халхголын байлдаанд эрэлхэгээр тулалдаж амь эрсэдсэн Зөвлөлтийн Улаан Армийн нисэх хүчний бөмбөгдөгч онгоцны 150 дугаар хорооны дарга, ЗХУ-ын баатар хошууч М.Ф.Буристров, нисэх хүчний сөнөөгч онгоцны 22 дугаар хорооны дарга ЗХУ-ын баатар хошууч Н.Г.Глазкин, нисэх хүчний сөнөөгч онгоцны 22 дугаар хорооны даргын туслах ЗХУ-ын баатар ахмад А.И.Балашов нарын зэрэг 81 баатарлаг нисгэгчийн нэр бичээд “Халхын гол-1939” хэмээн төгсгөсөн байдаг.

Хөшөөний өмнө талд (Бунхан толгойн энгэрт) 1939 оны байлдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн Улаан армийн олон арван нисгэгчдийн шарил хүндэтгэлтэйгээр хадгалагдаж байдаг. Халхголын байлдаанд Зөвлөлтийн нисэх хүчний олон хороо, бригадууд дайсныг бут ниргэхэд онцгой гавъяа байгуулсны дотор Зөвлөлтийн Улаан армийн нисэх хүчний 100 дугаар бригад (түүнд бөмбөгдөгч нисэх онгоцны 19, 38, 150 дугаар хороод байсан) нисэх хүчний десантын 212 дугаар бригад, сөнөөгч нисэх онгоцны 22, 56, 70 дугаар хороод чухал үүрэг гүйцэтгэжээ.

“Бунхан толгой” бол 1936 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хэлэлцээрийн дагуу БНМАУ-ыг Япон улс халдан довтолж ирэх аюулаас сэргийлэн хамгаалахаар ирсэн Зөвлөлтийн нисэх бригад байрлаж байсан түүхэн газар юм.