Дорнод аймгийн Халхгол суманд Их бурхантын хөлөөс хэдхэн км зайтай газарт Толгойтын овоо (Эдүгээ Хүүхдийн овоо гэнэ) хэмээх нэгэн сайхан цогцолбор барилга байгуулж байжээ. Тэнд 5-6 метр өндөр Хэрлэн барс хотын чулуун цамхагтай төстэй буюу бөмбөгөр оройтой арав орчим цувраа бурхан байсныг илрүүлсэн. Түүхийн хувьд тэдгээрийг Их бурхантаас эрт үед байсан хэмээн үзсэн байна. Бурханы туурь болох хиймэл уулыг тойруулан өргөн суваг татаж ус урсган дээгүүр нь гоёмсог чулуун гүүр тавьж, сувгийн хөвөөг дагуулан том моднууд тарьсан байжээ. Мөн сувгийн адагт том хар ус (голын гүнзгий тогтонги устай тохой) тогтсон байдаг. Түүний дундаас нэгэн чулуун бунхан цухуйж харагддаг.
ШУА-ын түүх археологийн хүрээлэн 2018 онд нарийвчилсан судалгаа хийхэд Хүүхдийн овоо нь нийт 17 овооноос бүрдэж байсан ба бурхадын сэнтий, суурь зэргийг илрүүлсэн нь “Ариун шүтээний газар” байсан хэмээх дүгнэлтэд хүргэжээ. Мөн малтлагаар олдсон модны нүүрснээс дээж авч Япон улсад шинжлүүлэхэд 1633 – 1669 онд холбогдох он цагийн олдвор болохыг тогтоожээ. 1920-иод оны эхэн үе хүртэл энэ орчмын барилга, суваг, гүүр бүтэн байсан ажээ.
Тус газрыг олон нийтэд таниулах зорилгоор “Хүүхэд эрдэнэ” арга хэмжээг 2019 оноос зохион байгуулж, хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан, дааганы уралдаан, сурын харваа, шатрын тэмцээн зэргийг явуулдаг уламжлал тогтож байна.