Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвийн “Хүндэтгэлийн өргөө”-ний гол хаалганы баруун гар талд То Вангийн морио уядаг байсан чулууг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Халхголын байлдааны 30 жилийн ой тохиосон 1969 онд Цагаан-Овоо сумын иргэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар В.Цэрэндорж тус сумын Галуут нэгдлийн жолооч М.Санжаагийн хамтаар ГАЗ-51 машинаар 1000 гаруй км явж, Мэлхийт нуурын урд дэнжийн элсэнд дарагдсан То Вангийн морины уяаны чулууг ухаж гарган Цагаан-Овоо сумын Хүндэтгэлийн өргөөний гол хаалганы баруун гар талд босгосон ажээ. Хүмүүс То Вангийн морио уядаг чулуунд хэдийнээ морь уяхаа больж зөвхөн хадаг өргөн адис авдаг болжээ. То Ван аливаа хүнийг халх, буриад гэж ялгалгүй төр түмнийхээ төлөө, их хаадынхаа мэргэн сургаалийг залгамжлан ажиллаж амьдардаг хүн байв.
Хүндэтгэлийн өргөөний гол хаалганы зүүн гар талд “Залбирал” хэмээх хөшөө байх ба хэлмэгдлийн он жилүүдэд тус сумаас баривчлагдсан, хилсээр шийтгүүлсэн 212 хүн, цаазаар хороогдсон 90 хүний дурсгалыг энд хүрэлцэн ирсэн хэн бүхэн хүндэтгэн ёсолдог байна. “Залбирал” хөшөө нь өршөөл эрэн залбирч буй хоёр гар бүхий дүрстэй бөгөөд түүний өмнө голоороо хагарсан гантиг цагаан чулууг эвээр нийлүүлэн тавьсан байна.