Цонжинболдог - Чингис хааны морьт хөшөө

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижиг кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан урагийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд хаадын хөрөг зургийн галерей, Монголын түүхийн танхим бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.
 
Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг том бүтээн байгуулалтыг хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбай, ногоон байгууламжууд бүрдэх юм.
 
Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна. Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна. Тухайн үед Чингис хаан ташуур олсондоо ихэд бэлгэшээж, “ирээдүйн их хэргийн зам нээгдлээ” хэмээн айлдсан ажээ. Хожим түүхчид энэхүү ерөөл үгийг нь “Энэ үйл явдал бол толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөхрүүлэн дэлхийн талыг байлдан дагуулах их үйл хэрэгт нь ташуур нэмсэн бэлгэдэлтэй сайн үйл хэрэг болжээ” хэмээн тайлбарласан байдаг.