Цогтын цагаан байшин

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чин толгойн хэрэмнээс зүүн хойшоо 20 гаруй км зайд, Халдунзүрх уулын бэлд Тансаг тал хэмээх Туул голын хөндийд оршино. Цогт тайж 17 жилийн туршид 6 сүм хийдийг бариулсны нэг нь энэхүү Чандмань хэмээх сүм юм. Цогт хунтайжийн ээж Мадай Тайгал хатны өргөө, номын сургууль байснаас гадна Цогт хунтайж өөрөө суудаг байсан учир Цогтын ордон буюу Цогтын цагаан байшин хэмээгдэх болжээ. Уран гоё чимэглэгдсэн цагаан орд сууцанд бурхан шүтээн залах олон өрөө тасалгаа байдаг байв. Эндээс өнгө өнгийн паалантай, луу, цэцэг, угалзан хээ бүхий вааран чимэглэл, барилгын эд хэсгүүд, бурханы толгой, хөл, хүзүүний чимэг зэрэг олдворуудыг олсон учраас буддын шүтээнтэй сүм байжээ гэж үзсэн. Мөн ойр орчноос нь газар тариалан хөгжүүлж байсны гэрч болох тариа цайруулах бул чулуу, усалгааны шуудууны ор мөрийг ч олсон байна.

Байшин гадуураа хэд хэдэн жижиг хэрэмтэй, дуган хэлбэртэй, хятад вааран дээвэртэйгээр баригдсан байжээ. Зүүн өмнөд хэсэгт хэрмийн хаалга байсан. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойроод нэлээд хүн ам сууж байсны гэрч юм. Цогтын цагаан байшинг хуучин барилгын суурь дээр барьж хэрмийн доод хэсгийг чулуу өрж тэг дундаас дээш хэсгийг тоосгоор үйлдсэнийг илрүүлсэн байна.

Эл дурсгалыг 1889, 1895 онд Клеменц нар үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн бөгөөд 1894 онд Георг Хут тэнд босгосон хөшөө чулууны монгол, төвд бичээсийг герман орчуулгын хамт нийтэлжээ. Мөн 1933 – 1934 онд Оросын эрдэмтэн Д.Д.Букенич бага сага малталт хийж шинжилсэн дээрх агуулга бүхий тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй.

Уг ордыг эртний нийслэл Хархорум хотын барилгын уран загвар маягаар барьсан бөгөөд ордонд маш их хөлгөн судар, янз бүрийн ном бүхий баялаг номын сан байжээ. Ордны зүүн овоо буюу Мэлхийт толгой дээр чулуун яст мэлхий урлаж тавьсан нь ур хийцээрээ Хархорум хотод байсан чулуун яст мэлхийтэй адилхан байдаг. Одоо энд байшингийн хананы үлдэгдэл,  чулуун тавцан бүхий бичигт хөшөө бий. Тэр хөшөөнд энэхүү байшингийн цогцолбор дурсгалыг 1601 оноос барьж эхэлсэн тухай түүхийг монгол, төвдөөр бичжээ. Түүнээс гадна бурханы шашны товч түүх, Цогт тайжийн угсаа гарвал, цагаан байшингийн бүтэц зохион байгуулалт, бурхан шүтээний байршил зэргийг товч дурдсан байна. Мөн “Туул мөрний тансаг талын өрнө зүгт Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд этгээдэд төмөр үхэр жилийн хөхөө сарын 15-наас Сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой (1617) жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав” гэсэн бичээс бий. Цагаан байшингийн барилгууд нь 1627-1630 оны хооронд дотоодын ноёдын дайн самуунд олон дахин өртсөнөөс болж дахин сэргээгдэж чадаагүй. Энэ орд харшийн дурсгалыг 1971 онд улсын хамгаалалтанд авсан.

Туул голын хөндийн энэ хавь газрыг “Бор булан” гэдэг бөгөөд ямар ч зун гандаж хуурайшдаггүй нутаг ажээ. Эндээс зүүн хойш 20 км газарт харагдах Заамар уул нь ямар ч өвөл зутардаггүй нутаг хэмээгддэг. Иймд энэ хавийн нутгийг “Ган болдоггүй Бор булан, зуд болдоггүй Тосон Заамар” гэж нэрлэдэг ажээ.

Цогт хунтайж: 1581онд Чингис хааны алтан ургийн хүн Гэрсэнзийн удам Баарай хошуучийн хүү болон төржээ. Багаасаа гэрээр монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэг байсан бөгөөд орчуулагч, яруу найрагч, цэргийн зүтгэлтэн байв. Буддын шашны улааны урсгалыг баримтлагч, Цахарын Лигдэн хааны бодлогыг тууштай дэмжигч байсан билээ. Өөрийн тугийн доор 40 мянган цэрэг захирч эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан учраас түүхэнд мөнхрөн үлдсэн. Манж нарыг дагалдагч ноёдуудад хавчигдан ганцаардсан тул арга буюу 1630 онд эх орноо орхин Хөх нуурт ирж Цахарын Лигдэн хаантай нэгдэн Манжийн эсрэг тууштай тэмцсээр 1637 онд дайны талбарт амь үрэгджээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

 

ЦОГТ ТАЙЖИЙН ӨРГӨӨ ОРД САН: Монголын алтан ургийн язгууртан, соён гэгээрүүлэгч яруу найрагч, эх оронч Цогт хунтайжийн үйл хэргийг хойч үед таниулах, Цогт хунтайжийн цагаан байшин хэмээн алдаршсан “Сэтгэшгүй чандмань” ордны туурь, гэрэлт хөшөөг хамгаалах, сэргээн засах, аялал жуулчлалын чиглэл үзмэр болгон тохижуулах ажлыг санаачлан төсөл боловсруулж төр засаг, олон нийтэд өргөн барьж уг ажил үйлсийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нийгэмд үйлчилдэг ТББ юм.

Цогт хунтайжийн эх нутагтаа үлдээсэн соёлын үнэт өв, домог түүхийг шинээр эрэн сурвалжлах, сурталчлах, алдаршуулах үйлсэд хувь нэмэр оруулах, энэ талаар иргэд хамт олны оролцоо, идэвхийг өрнүүлэн зохион байгуулах нь сангийн гол зорилго юм.

Цогт хунтайжийн цагаан байшин – төслийн зорилго: УБ хотоос баруун зүгт 200 гаруй км зайд, Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт орших XYII зууны Монголын түүхийн үл хөдлөх дурсгал Халхын Цогт хунтайжийн ордын туурийг цаашид эвдрэл, нуралтаас хамгаалж сэлбэн засах, улсын хамгаалалтыг сайжруулах, цаашид түүнийг АЖ-ын бүтээгдэхүүн болгон өргөтгөн тохижуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой юм.

Сэргээн засварлалт: 400 жилийн өмнө баригдаад удалгүй дайн самууны хөлд сүйтгэгдсэнээс хойш он цагийн эргэлт, хүн малын хөлд гишгэгдэж, олз хайгчдын гарт ухагдаж тоногдсоор ирсэн. Туурийн ар тал бүрэн эвдэрч мал амьтан орж хоргодож улам эвдэрсээр байна. 1945 онд Цогт тайж киноны хальсанд үлдсэн туурийн зургийг харвал сүмийн олон хана бүтэн байж, мөн хэрэм суурийн эвдрэл одоогийнхоос тун бага байжээ. Гэтэл 2020 оны байдлаар сүмийн хана бүхэлдээ нурсан, хэрмийн олон газарт нүх гарч хазайсан, хэрмийн гол хана хэзээ мөдгүй бүхлээрээ нурахаар болжээ. Ахиад 50 жил энэ хэвээр орхивол хэсэг овгор шороо л үлдэх аюултай. Нуралтыг зогсоож, дараагийн шатанд судалгааны үндсэн дээр хажууд нь яг эртний хэлбэрээр нь уг ордыг байгуулах юм.

Орчны үзмэр болох биет зүйл бол боржин чулуун суурьтай гэрэлт хөшөө, ордын туурь хоёр байна. Гэрэлт хөшөөний орчныг тохижуулах:

  • Гэрэлт хөшөөний хоёр талын төвд, монгол бичээсийн товч агуулгыг англи, монгол хэлээр чулуун самбарт тайлбар хийж байршуулах
  • Гэрэлт хөшөөний орчны талбайг гантиг чулуугаар засаж, сэргээгдэх эрчим хүчээр гэрэлтүүлэх
  • Хөшөөний орчимд үндэсний ур хийцтэй хос сүүдрэвч байгуулах, сүүдрэвч хооронд зөөврийн асар бүхий бэлэг дурсгалын зүйл борлуулах цэг болон coffee shop байгуулах

Цагаан байшингийн туурийн орчныг үзмэр болгон тохижуулах

  • Гэрэлт хөшөө болон туурийн орчныг тойруулан хашаа барина.
  • Тууриас 50м зайд зочид хүлээн авах талбай буюу авто зогсоол байгуулах. Байгалийн чулуугаар талбайг хучиж, нарны үүсгүүрээр гэрэлтүүлэг хийнэ.
  • Авто зогсоол ба гэрэлт хөшөөний орчимд эко ариун цэврийн цэг байгуулна.
  • Зочид хүлээн авах талбайгаас гэрэлт хөшөө хүртэл явган зам хийж түүнээс туурь болон бусад үзмэр тийш салаалсан зам тавина.
  • Зам дагуу гэрэлтүүлэг хийж, цэцэгт бут, мод тарина.
  • Туурийн үзэгдэх байдалд харшлахгүй цэгт уран барилгын өвөрмөц шийдэл бүхий музейн барилга барина.
  • Сэтгэшгүй чандмань тэргүүт 6 сүмийн 1617 оны байдлыг харуулсан эх загвар хийж үзмэр болгоно.
  • Туурийн доторхи сүмийн үлдсэн хана ба сууринд тус бүрийн нэрийг бичиж тогтооно. Зам дагуу Цогт тайж, Чин Тайху хатны домогт холбогдох чулуун сийлбэрүүд урлан бүтээнэ.
  • Зүүн толгойд 400 жил байгаад саяхан алдагдсан чулуун мэлхийг ахин бүтээж, тэнд амралтын талбай, нар угтах ёслол болон орчинг дурандах өндөрлөг болгон тохижуулна.
  • Олон жил ундарга сайтай байсан ардын домогт Чин тайху хатны рашаан гэж нэрлэгдсэн эртний худгийг сэргээж хуучин байдлаар засах.
  • Дуутын хадны шүлгийн хуулбарыг бүтээж туурийн өмнө талбайд тусгай сууринд хүндэтгэлтэй байрлуулах

Цогт тайжийн өргөө орд сан 99251692, 99194641 tsogt.khuntaij@gmail.com