Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг “Галын гол”-ын хойд этгээдэд Шивээт хэмээх олон тооны булш бүхий өндөрлөг бий. Түүний хойно ирмэглэсэн хошуун дээр 10м урт, 8м өргөн чулуун барилгын ором 4 байдгийг Гүнсаваагийн балгас хэмээнэ. Тэдгээр ормын хойхно талд нэгэн дөрвөлжин булш байгааг Гүнсаваагийн эхнэрийг цаазаар авсан газар хэмээн ярьдаг.
Лодонгомбын Гүнсаваа буюу Сайхансаваа: Халхын Сэцэн хан аймгийн ачит бэйсийн хошууны баруун хойд хэсгийн хуанууд омгийн Лодонгомбо гэдэг хүний хүү байсан ажээ. Лодонгомбынх “Галын гол” орчмоор нутагладаг байсан бөгөөд хүү Сайхансаваа нь өсгөлүүн сайхан эр болж сайн эрийн шинж төгс бүрдэн өсч өндийжээ. Сайхансаваа амьдрал ядуугийн улмаас 18 настайдаа хүний оронд хөлсөөр цэрэгт явсан гэдэг. Энэ үед Манжийн булаан эзлэгчид Баруун Монголыг довтолж байсан бөгөөд энэ түрэмгийллийн эсрэг байлдахаар Халх Монголын цэрэгт явсан Сайхансаваа явсаар Орхон голын хөвөөнд иржээ. Сайхансаваа, цэрэг Бат-Очирын хамтаар толгойн ангид туршуулаар яваад Манжийн цэргийн нэг ноёныг барьж ирсэн тул халх цэрэг нэлээд амжилт олсон байна. Манжтай байлдах хэрэгт зохих гавъяа байгуулсныг үнэлэн Сайхансаваад “гүн” цол шагнажээ. Ийнхүү Сайхансаваа нь “Гүнсаваа” болж алдаршсан байна. Гүнсаваа нутагтаа ирээд Манжийн эсрэг тэмцэж, тэдний алба ажлыг тасалдуулах, Манжийн гар хөл болсон ноёд баядтай заргалдах зэргээр эрс эсэргүүцдэг байв. Яг тэр цаг үед Монголын ард түмнийг хамарсан 1755-1758 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Амарсанаа, Чингүнжав нарын зэвсэгт тэмцэл эхэлж Гүнсаваа түүнд хошуучлан оролцжээ.
Манжийн хааны зарлигаар Гүнсавааг цаазаар авч толгойг нь огтолж Манжийн хаанд үзүүлэхээр авч явахдаа хунзтай цайгаар тэнцүүлэн тэмээнд тэгнэсэн гэдэг. Гүнсаваагийн толгойг хаанд үзүүлэхэд Гүнсаваагийн хоёр нүдний хооронд төө зай байсан ажээ. Хаан ихэд харамсаж “хайран хүн, уг нь миний албат дотор байсан бол их л хэрэгтэй эр байжээ” хэмээсэн гэдэг. “Эл домог, түүхэн баримтаас үзэхэд 1755-1758 онд өрнөсөн Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт бослогод Баруун Монголд Амарсанаа, Халх Монголд Чингүнжав, Зүүн Монголд Гүнсаваа, Өвөр Монголд Сэвдэнбалжир нар удирдсан нь тодорхой бөгөөд энэ тэмцэл бүх Монгол угсаатныг хамарсан ард түмний бослого байжээ” хэмээн Гүнсаваагийн намтар түүхийг судалсан Мэндийн Зэнээ агсан тэмдэглэсэн байдаг. XVIII зууны энэхүү тэмцэл зөвхөн Баруун Монголд өрнөж байснаар тэмдэглэгдэн үлдэж Зүүн Монголд Гүнсаваагаар удирдуулсан зэвсэгт тэмцэл өрнөж байсан тухай түүх нь өнөөг хүртэл бүрхэг байсан юм. Гүнсаваа нь Хотогойдын Чингүнжав баатартай эн зэрэгцэх хүн бөгөөд Монголын төр, төрөлх нутаг Дорнодын ард түмний түүхэнд мөнхөрсөн гавъяатан ажээ.
Эдүгээ Дорнод нутагт Гүнсаваатай холбоотой “Гүнсаваагийн чулуу”, “Улаан толгой”, “Гялалзахын даваа”, “Сандаахын нарс” зэрэг домог яриа өнөөг хүртэл яригдаж байдаг. Дорнод аймгийн Баян-уул сумын нутагт Гялалзахын даваа гэж газар бий. Гүнсаваа манж цэргүүдтэй ширүүн тулалдаан хийж ялагдаад зугтахдаа энэ даваагаар давжээ. Давааг давахад нь хуяг дуулга, нум сум, саадаг нь гялалзаад далд орсон учраас “Гялалзахын даваа” гэж нэрлэх болжээ.