Генерал толгой

Халхын голын дайны үед Эрс уулын дугаар заставын дарга ахлах дэслэгч Төмөрбаатар хилийн манаанд 3 байлдагчийн хамт Халхголын хойд талд Хайлаастын гол, Хулд уулын чиглэлд явж гэнэ. Гэтэл алсад хэсэг морьтны бараа харагдсанд сэмхэн ойртож дурангийн хараа тааруулан харвал бүрэн зэвсэглэсэн дайсан хилийн шугамыг зөрчиж нэвтэрсэн нь тодорхой болов. Дайсны тоог бүртгэн үзвэл 7 хүн байв. Ахлах дэслэгч Төмөрбаатар 3 байлдагчийн нэгийг застав руу холбоо бариулахаар явуулж, үлдсэн нөхдийн хамт дайсан руу далд газраар сэмхэн ойртож хориглон устгахаар бууны харааг тааруулан зэхэв. Дайсан этгээд ч сэжиг авч зугтах үед манай хилчдийн мэргэн бууны сум зургааг нь устган, үлдсэн нэгийг нь хүнд шархдуулжээ. Энэ 7 дайсан бол японы цэргийн ахлах тушаалын генерал, офицер бүхий чухал албаны хүмүүс байсан гэдэг. Үүнээс үүдэн тэр орчмын хэсэг уул толгодыг “Генерал толгой” гэж нэрлэх болжээ.