Хэсэг байшин

Хэсэг байшингийн гэрэлт хөшөөний 11 хэсгийн үлдсэн ганц том хэсэг нь Монголын үндэсний музейд хадгалагдаж байна. Гэрэлт хөшөөг Дундговь аймгийн Их хэт сумын нутаг Бүсийн чулууны өвөр этгээдийн Хэсэг байшин гэдэг газраас Оросын Монголч эрдэмтэн В.А.Казакевич, зохиолч Д.Нацагдорж нар 1923 онд олжээ. Хөшөөг олох үед Хэсэг байшингийн гэрэлт хөшөө 11 хэсэг болон хугарсан байжээ. Гэрэлт хөшөө байсан газар эртний балгасны үлдэц бий. Хэсэг байшингийн гол барилга нь дөрвөлжин хэлбэртэй, гадуураа чулуугаар барьсан хэрэмтэй байв. Хэрмийн урт нь 33м, өргөн нь 28м, зузаан нь 4м.  
 
Хэрмийн өмнө талд хаалгатай бөгөөд түүний урд талд боржин чулуун мэлхий байдаг. Ягаан боржин чулуугаар хийсэн гэрэлт хөшөөний хагархайнуудыг эвлүүлж үзвээс урт нь 128.2см, өргөн нь 66см, зузаан нь 14см орчим байжээ. Хөшөө гурван талдаа монгол бичээстэй. Хөшөөний дээд тал нь мөлгөр, хоёр тал нь угалзан хээтэй, угалзан дотор хас тэмдэг сийлсэн байжээ. Тэд гэрэлт хөшөөний хагархайг эвлүүлэн бичгийг нь цааснаа буулгажээ. Хэдийгээр бүрэн уншиж нийтлээгүй ч  XYII зууны үеийн Монголын түүхэнд холбогдох дурсгал гэдгийг нь тогтоожээ. Судар бичгийн хүрээлэн 1925 онд тэдгээр хагархайнуудыг Улсын төв музейд авчруулсан боловч 10 хагархай нь аль хэдийнээ алга болсон байв. Эрдэмтэн В.А.Казакевич, зохиолч Д.Нацагдорж нарын авсан хөшөөний хэв, хуулга ч олдоогүй байна. Үлдсэн ганц бичээсийг эрдэмтэн Х.Пэрлээ 1961 онд судалж нийтлүүлсэн байна. Энэхүү үлдсэн ганц бичээс нь гэрэлт хөшөөний утгыг бүрэн илэрхийлэх боломжгүй байсан ч бусад баримт бичгүүдтэй тулган, нэхэн сэргээж ойлгох замаар цөөнгүй зүйлүүдийг тодруулжээ.
 
Хэсэг байшингийн гэрэлт хөшөөг Монголын Эрдэнэ хунтайжийн хатан нөхөртөө зориулан босгожээ. XYII зууны эхээр Өвөр Монголын авга, үзэмчин, хуучид, сөнид аймгийн ноёд Лигдэн хааны бүх Монголыг нэгтгэх гэсэн бодлогыг эсэргүүцэн Халхын Сэцэн хан аймгийн нутагт нүүн ирж Хэрлэн голын дунд хавиар хэсэг зуур нутаглаж байсан, Батмөнх даян хааны үед Монголын ноёд хоорондын зөрчил тэмцэл хэсэг хугацаанд намжиж Хятадтай эв найртай харилцах болсон, Лигдэн хаанаас зугтаж Халхад ирсэн хуучид аймгийн хэсэг хүнийг Эрдэнэ номч, Болд нар тэргүүлж байсан, хөшөөг босгоход Өвөр Монголоос халхад ирээд байсан Эрдэнэ хунтайж Дэгэлэйн харъяат зургаан аймаг, авга тавнан аймгийнхан оролцсон, хөшөөг байгуулсны учир нь түүнийг байгуулагчдын энэ ба хойд насыг бодолцсон, Хэсэг байшингийн зарим барилгыг босгоход Чуй тэргүүн гэдэг хүн оролцсон зэргийг Хэсэг байшингийн гэрэлт хөшөөний үлдсэн хэсгээс тоймлон буулгажээ. Хэсэг байшинд Монголын Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр сууж байсан гэж нутгийн олон ам дамжуулан ярилцсаар иржээ.
 
Эх сурвалж: Монгол орны лавлах