Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн тийш 7км зайд орших Айргийн гозгор гэдэг нүцгэн уулын өвөрт орших Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал нь том жижиг нийлсэн 90 гаруй бүлэг дурсгал юм. Иймэрхүү Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал ховор юм. Өвөрмонгол, Буриад, Тувагийн нутагт жижиг жирийн иргэдийн иймэрхүү бүлэг дурсгал илэрсэн.
Нийт 97 булш байгаагаас дийлэнх нь дөрвөлжин хэлбэрийн өндөр чулуун өрлөг бүхий том булшнууд бөгөөд өмнө талдаа урт гонзгой үүдэвчтэй. Том булшнуудын ойр орчимд цагариг хэлбэрийн чулуун дараас бүхий жижиг булшнууд цөөнгүй тоотой бий. Малтлага хийсэн булшнууд нь оршуулгын хэсгийг нууцлан хөмөглөж ухсан нүхтэй байснаараа онцлог. Нүхний аль нэг ханыг дотогш хөндийлөн хөмөглөж хөндий зай гаргаад түүнд оршуулгын хэсгийг бүхэлд нь оруулж нууцалсан хэрэг болно.
Судлагдсан булшнуудын нүх 2-6 метр гүнтэй бөгөөд өмнө талдаа үүдэвчтэй байжээ. Хөндийлөн ухсан хөмөг дотроос ихэвчлэн модон авсанд хийсэн оршуулга илэрсэн ба зарим булшинд 2-3 ширхэг модон авсыг хамт тавьсан тохиолдол байна. Булшнууд эрт цагт тоногдож, оршуулгын зан үйлийг тодруулахад хүндрэлтэй байсан ч нас барсан хүнийг тэнэгэр байдлаар, гэдрэг харуулан, толгойгоор нь голдуу баруун, баруун хойт зүгт хандуулан тавьсныг төсөөлж болохоор байжээ.
Оршуулгаас гарсан зарим банзан авсны хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй зарим авсны торгон доторлогоо хадгалагдан үлдсэн байжээ. Мөн зарим булшны авсыг үйлдэхдээ ёроол хийлгүй, дөрвөн банз зангидаад, нас барсан хүнийхээ доор цайвар шаргал шороог тусгайлан дэлдэж дэвссэн байв. Илэрч олдсон олдворууд нь Хүннүгийн үеийн булшнаас илэрдэг зүйлстэй төстэй. Тухайлбал, нумын ясан гичир, шавар ваар, үсний ясан шор, үйсэн сав суулга, шилэн сувс, сумын төмөр зэв, хазаарын амгай гэх мэт.