Шар цав нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт харъяалагддаг бөгөөд Ханбогд сумын төвөөс зүүн тийш 80 км зайд оршдог. Заг бударгана ихтэй, хурц шовх арзгар орой бүхий намхан толгодууд дунд үлэг гүрвэлийн 18 мянган мөр чулуужиж үлдсэнийг анх 1995 онд илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн палеонтологийн салбарт бас нэгэн шинэ сонирхолтой мэдээ болсон. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын ахалсан Монгол – Японы хамтарсан экспедици 1996, 2001 онуудад нарийвчилсан судалгааны ажил хийж тэдгээр 18 мянган мөр нь хатуу элсжилтийн үе давхаргадас дээр хадгалагдсан, 145 сая жилийн настай болохыг тогтоожээ.
Үлэмж биет Зауролоф, аварга махчин Тарбозавр гэх мэт 5-6 зүйлийн үлэг гүрвэлийн мөр байгааг судлаачид тогтоож “палеонтологийн дурсгалын өлгий” хэмээн нэрийджээ. Эртнээс нааш хэдэн мянган жилийн туршид хөлийн улны мөр тэр чигээрээ хадгалагдан “байгалийн музей” үүсгэжээ. Үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас зэрэг байгалийн бүтээл нь эрт галавын амьтдын сүргийн бүтэц, тоо толгой, хэмжээ, авир араншин, хөдөлгөөн зэрэг чулуужсан ясан дээр тогтоох боломжгүй олон чухал мэдээллийг агуулж байдаг учраас Шар цавын энэ гайхамшигт олдвор нь тоо хэмжээний хувьд одоохондоо өөр улс оронд олдоогүй байна.
Оюу толгой ХХК-ийн Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд “Палеонтологийн парк” төслийг Манлай сумын захиргаатай хамтран хэрэгжүүлж байна. 2012 оноос эхлэн хашилт хаалт тавьж, тэмдэг самбар байрлуулсан учир хүн машин болон адуу малын хөлд үрэгдэхээргүй болж хамгаалагдсан төдийгүй эдүгээ “Палео парк” байгуулж аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлсээр байна. Үлэг гүрвэлийн мөрийг бэхжүүлж, мөр бүхий газрыг хамгаалах шилэн хорго, сүүдрэвч, музейн барилга барьж, гол олдвор бүхий газарт хүний мөр хүрэхээргүй газраас хөндий шат, явган хүний зам барьж тохижуулжээ.