Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Агуйт уулын баруун үзүүрийн төгсгөлд бий. Агуйт уул нь баруунаасаа зүүн тийш сунаж тогтсон 1278м өндөр говийн нам уулсын нэг юм. Агуйт уулын зүүн урд талын бэлд Агуйтын хийд хэмээх том хийд байжээ. Тус хийдийн буурь болоод Агуйт уулын орчинг ажиглаж үзвэл тус хийд нь нэлээд том, хөл хөдөлгөөнтэй байсныг гэрчилнэ. Агуйт уул том жижиг олон агуйтай бөгөөд тэдгээрийг засаж тохижуулан янз бүрийн аргаар ашиглаж байжээ. Хамгийн том нь хийдийн тууриас хойд зүгт 1000 орчим метр зайд орших Ловончомбын агуй юм. Хийдийн хойд хамар даваад ороход зүүн тийш харсан том хадан цохионы ёроолд далайн төвшнөөс дээш 1170м өндөрт оршдог. Тус агуй нь зүүн тийш харсан амтай ба амсарын хэмжээ 1.3 х 1м. Агуйн амны урд томоохон сүм байсныг илтгэх туурь үлдсэн байдаг. Сүмийг барихдаа 2 метр өндөр 15х10м хэмжээтэй талбай засаж чулуугаар өрж тэгшилсэн байсан ба сүм агуй хоёрыг шууд холбож барьсан байсан нь мэдэгддэг.