Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Ханбогд уулын ар шилд Баяжихын агуй гэж алдартай агуй бий. Тус агуйг арга билгийн чанартай, очиж мөргөсөн хүний мөнгө арвиждаг хэмээн итгэсээр иржээ. Агуй нь Х.Ө43 01.58.4 З.У107 02.25.8 солбицолд далайн төвшнөөс дээш 1213м өндөрт оршдог. Агуйн ам руу хүрсэн машин замтай ба доторхи зай нь жижиг дөрвөн ханатай гэрийн дайны хэмжээтэй. Агуйд очсон хүмүүс хойд хананд байх Баян Намсрай бурханд мөргөж, идээ будаагаа өргөн, хорьт болон таван мянгатын улаан халзан мөнгөн дэвсгэртийг агуйн хананд үрж Үлэмжийн чанар дууг дуулан нар зөв тойрдог. Хэрвээ мөнгө үрж байх явцад цоорвол “баяжна” хэмээн нутгийнхан итгэдэг. Агуйн хана мөнгөнд үрэгдсээр байгаад мөлгөр гялаан болсон аж.