Ноён уулын малтлагаар хүннү нар язгууртнаа 7-12 метр гүнд урд талдаа үүдэвчтэй хоёр давхар гуалин хашлаган дотор банзан авсанд эд агуурсын хамт оршуулдаг байсныг тогтоосон юм. 1925 онд П.К.Козловын олсон олдворуудын ач холбогдлыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний анги ирж Туул голын хөндийгөөр 92 булш малтан судалж шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён уулын булшийг Хүннүгийнх болохыг тогтоосон.
1927 онд А.Д.Симуков (С.Зоригийн өвөө, Шар Дамдинсүрэн гэгдэх монголч эрдэмтэн) Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай дүрс, торгоны өөдөс, хятад бичээс бүхий чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад НТ 1 онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ.
Зургадугаар булшнаас гарсан ширдэг “хүннү ширдэг” хэмээн алдаршсан бөгөөд ан араатны дүрсийг маш урнаар зээглэсэн дүрслэлтэй байдаг. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээтэй, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, ширдэгний хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. Эмжээрийн дотор талд сарлаг, буга, дэл ба сүүлтэй бартай төстэй араатан, мөн чих толгой нь араатан мэт далавч, сүүлтэй амьтадыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй юм.
Энэхүү ширдэгт тэр үеийн ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзлийг харуулсан байдаг. Буга, чоно эрхлэн наадаж байгаа дүрс, бусад хээ угалзын дүрслэл зэрэг нь зүгээр нэг зурсан биш, маш нарийн ур гаргаж оёж хатгаж хийсэн байдгаараа одоо ч хүртэл гайхагдана. Энэхүү гайхамшигт олдвор Монголын үндэсний музейд тэр л эртний байдлаараа хадгалагдаж байна.
Ноён уулын булшнаас олдсон баатруудын дүр бүхий нэхмэл хөргөөс харахад хүннүгийн язгууртан нь уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхраатай нүд, хурц хараатай, уруул нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэй байсан бөгөөд дүрслэлийг зүү ороох аргаар урласан байв. Мөн мөнгөөр урласан аргаль, янгир, нэг эвэрт гөрөөс, алтаар шарсан луу, эртний Грек Ромын хийцтэй эрэгтэй эмэгтэй нүцгэн хүний дүрс бүхий чимэглэл зэрэг 30 гаруй мөнгөн эдлэлүүд олджээ. Эдгээр зүйл хадгалагдаж чадсан нь бунханыг шавар болон нүүрсээр хоёр дахин бүрж байсан хэмээн судлаачид үзжээ. Ноён уулын шавар хөрс нь ус шүүрүүлдэггүй чанартай учраас шарилд хийсэн бүх эд зүйл сайн хадгалагдан үлджээ.
Ноён уулын булшны талаар 1926 онд анх Англи улсын Лондонгийн сэтгүүлд “Монголын хамгийн анхны эртний төрт улсын түүхийн олдвор олдлоо” гэсэн нийтлэл гарч байсан байна. Хүннүгийн булшнаас гардаг эд өлгийн зүйлээс харахад эртний Грекийн болон эртний Европын эд зүйлүүд Хүннү рүү Торгоны замаар очдог байсныг гэрчилж байна.
Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрбээр 100 орчим булшийг малтан судалж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр Монгол нутагт олон байдгын дотор Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туулын хөндийн Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт газрууд бий.