Завхан аймгийн Отгон сумын нутагт байх Дуут нуур нь дуунд мөнхөрсөн домог түүхтэй. Домогт өгүүлснээр, Эрт цагт нэгэн эгдүүтэй бяцхан жаал хүү Дуут нуурын хөвөөнд өдөр бүр тоглодог байжээ. Гэнэт нэг өдөр Дуут нуурын ус давалгаалан эм савдаг гарч ирсэнд тэнд байсан хүмүүс айж сандран зугтахад нөгөө жаал харин сониучирхан ус руу явж ороод живж үхэх шахжээ. Савдаг өөрөөс нь айгаагүй бяцхан жаалыг нуурын эрэг дээр гарган амийг нь аварч гэнэ. Хүү нуур руу байнга ирж тоглосоор, нуурын савдаг нууцаар харж ажигласаар, цаг хугацаа урсан одож хүү эрийн цээнд хүрчээ. Сайхан зүс царай, исгэрэн дуулах уянгалаг хоолойгоор нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг хужирладаг болжээ. Эм савдаг ч залууг улам ихээр хайрлаж харамлан хүн амьтанд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурын усыг цалгиулан уйлан хайлдаг болсон гэнэ.
Нэгэн өдөр залуу хүү цэргийн алба хаахаар нутгаа орхин явахад нуурын савдаг эрэг рүү ирэхээ больсон хүүг хайж уснаас гарч ирэн хавь ойрын хүмүүст үзэгдэн айлгах болжээ. Залуу яваад ихэд удсан тул сүүлдээ нуурын савдаг ч үзэгдэж харагдахаа байж, нутгийнхны цуурхал хоосон яриа болов.
Гэтэл нэг өдөр нөгөө савдагийн чихнээ их дуу шуугиан, баяр хөөрийн дуун сонсогдож гэнэ. Савдаг сэмхэн очиж хартал удтал хүлээсэн залуу нь нэгэн бүсгүйтэй хурим найр хийж танил болсон сайхан хоолойгоороо хайрын дуу дуулж байна гэнэ. Эм савдаг тэсэлгүй харайн очиж газар чичиртэл хашгиран нулимстай нүдээрээ залуу руу харсаар нуур руугаа буцан оджээ. Цугласан хүмүүс айснаасаа болж хөшөөд гэртээ ч харьж чадалгүй бөөгнөрөлдөн хонов гэнэ.
Тэр өдрөөс хойш нуур руу зүглэх хүнгүй болж, ус уухаар явсан мал эргэж ирдэггүй болжээ. Хоног хугацаа улиран одсоор, нутгийнхан ч хориотой газар хэмээн зүг буруулсаар нэг мэдэхэд 8 жил өнгөрч гэнэ. Хуримласан хосууд аавыгаа дуурайсан сайхан хүүтэй болжээ. Нэг өдөр хүү нь очиж болохгүй гэж хориглосон өнөөх нуур руу нууцаар явсныг мэдээд айж сандран очтол нуурын эргээр үхсэн малын хүүрнүүд хэвтэж, үнэр танар, өнгө үзэмж нь үхээрийн муухай болсон байв. Хүүгийн эх нэрийг нь дуудан уйлахад нуурын гүнээс чангаар инээх дуун гарч зовлонд нь баясаж байна гэнэ. Айж сандарсан залуу нуурын савдагаас “миний хүүг өгчих” гэж уйлан хайлан гуйтал нуурын гүнээс ийн хэлжээ. “Хурим найран дээрээ эхнэртээ зориулан чин сэтгэлийн гүнээс дуулж байсан шигээ яг одоо намайг тайтгаруулан дуул” гэв. Залуу ч уухайн тас дуулахад савдаг дууг нь сонсож уяраад “чи өдөр болгон ирж надад дуулж өгч, надад харагдаж бай, тэгвэл би одоо хүүхдийг чинь өгье” гэжээ. Залуу ч ам тангараг өчиж “хэлснээр нь байя” хэмээн сөгдөн гуйсанд хүүг нь буцааж өгчээ. Гурвуул баярлаж хөлийн хурднаар гэр рүүгээ явж очсон даруйд бэлтгээд холын холд нүүн оджээ.
Савдаг залууг ирэх ёстой хэмээн хүлээсээр долоо хоножээ. Тэсэлгүй хилэгнэн очтол тэр хавийн айлууд бүгд нүүсэн байж гэнэ. Тэр цагаас хойш өөр газраас нуур бараадан нүүж ирсэн айлын хүүхэд нь ор сураггүй алга болж, шөнө болохоор аль нэг хүүхдийнх нь дуу сонсогддог болжээ. Хүүхдийнхээ дууг сонссон хүмүүс уйлан хайлж хэзээ нэгэн цагт хүүхэдтэйгээ уулзана хэмээн найдаж нуураас холдож чадахгүй байсаар нэлээд он цаг улирчээ.
Тэдний ийнхүү зовж шаналан байдгийг алс нутгийн нэгэн хүн сонсоод зорин ирж болсон явдлуудыг сонсоод нөгөө нуур руу явж 6 хоногийн турш дуу дуулан сууж гэнэ. “Их сайхан дуулдаг хүн байна, гэхдээ яагаад ингэж дуулаад суугаа юм бол” хэмээн гайхацгаав. Гэтэл 7 дахь өдрөөс нь эхлэн алга болсон хүүхдүүд нь нэг нэгээрээ хаанаас ч юм гарч ирж тэр хавиар нэг баяр хөөр болох зуурт нөгөө дуулж суусан хүн алга болжээ. Мөн тэр цагаас хойш дахин тэр савдаг гарч ирээгүй гэдэг.
Домгоос үүдэлтэй Дуут нуур дууг Д.Цэвээнравдан, Н.Лутбаяр нарын зохиосноор МУГЖ С.Батсүх дуулжээ.Зогсoод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урамдах юм аа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уйлаад байх юм аа
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юм аа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юм аа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юм аа
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Тэмдэглэсэн: Ч.Буянбадрах