Тарвагатайн нурууны Загастайн Гялгар уулаас зүүн тийш, Солонготын даваанаас зүүн урагш их замын зүүн талд орших 3021 метр өндөр уулыг Ороохын даваа гэнэ. Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд явахад Тарвагатайн нурууг давах гол зам нь Ороохын давааны зам юм. Ороох уулыг хойноос зугуухан ороож өгссөөр 10 км шахам замыг туулж даваан дээр гардаг учир Ороохын даваа хэмээн нэрлэсэн. Ороохын даваагаар Хөвсгөл, Архангай аймгийн хилийн дээс өнгөрдөг. Давааг араас нь өгсөхөд Тойн гол дээр модон гүүртэй. Жаргалант сумын төвөөс Ороохын давааны овоо хүртэл 45км. Давааны овооноос Архангай аймгийн Тариат сумын төв хүртэл 50км, мянганы зам дайрдаг, Тэрхийн голын төмөр бетонон гүүр хүртэл 30км зайтай, Ороох уулын замыг ороож зассан байдаг.