Гэлэнхүүгийн суварга

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 10км зайд уулын дөрөлж дээр нэгэн суварга байх ба түүнийг Гэлэнхүүгийн суварга гэнэ. Гэлэнхүү нь Хөвсгөл нутагтаа сониуч зангаараа алдаршсан элдэв хууч ярианы эзэн болсон хүн бөгөөд насны эцэст нэгэн суварга бүтээсэн гэдэг. Суварга босгох чулуу, шаврыг үхэр тэрэг хөллөн зөөж Хэцүүгийн хөтөл дээр овоолж “Би нүгэл их хийлээ, одоо нүглээ наманчилна” хэмээн өөрийн биеэр суваргаа барьж, шүншигт нь эрхэмлэж нандигнадаг дарханы багаж хэрэгслэлээ хийжээ. Суварганы сэнтий нь хааш хаашаа 2.5 метр бөгөөд улаан шаргал боржин чулууг засан хавтгайлан дөрвөлжилж бумба, гонхны хамт 3 метр өндөр бүтээж шавраар чигжин босгожээ. Суварганы амыг зориуд хойд зүг харуулан барьсан нь уг хүний бодол сэтгэлийн илэрхийлэл бололтой. Суварга бүтээснээс хойш төд удалгүй Хэцүүгийн хөтөл олон хөлийн газар болж, суварганд маанийн зургаан үсэг нэмэгджээ.
 
Суварга гэдэг нь ариун хувраг, бурхадыг хадгалах байр буюу түүхэн үйл явдалд зориулан барьж байгуулдаг барилгын байгууламж юм. Гэлэнхүүгийн суварга нь хувь хүний дурсгалын суварганы төрөлд багтах бөгөөд эхнэртээ зориулан барьсан гэх хууч яриа бий.
 
Хайнзангийн ГЭЛЭНХҮҮ: 1880 оны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийн хүү болон мэндэлсэн Гэлэнхүү нь нялх балчираасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг нэгэн байжээ. Юм бүхнийг сонирхож, элдэв зүйлийг хүсэж мөрөөдөж явдаг нь үлгэр домог мэт намтар түүх болон үлджээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийг сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин яригдсаар ирсэн.
 
Нисэх онгоц харсан цагаас эхлэн тэнгэрт нисэх шувуудыг харж ажигладаг байв. Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдээгүй гэдэг. Сармайж нимгэрсэн илэг, цавуу, бүргэдийн далавч зэрэг зүйлийг цуглуулж нэгэн агуйд аваачин нуугдан ямар нэгэн зүйл хийдэг байжээ. Нэгэн өдөр Гэлэнхүү Дүнтэрийн цохион дээрээс өөрийнхөө урлаж хийсэн далавчаа зүүгээд ухасхийн үсэрчээ. Хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн дэвсээр цохионы доор бөөгнүүлж хураасан хонин дунд буусан гэдэг. Ингэж буухын тулд охиноороо хонь хураалган цохионы доохно талд хүлээлгэж байжээ. Нисэж буух үед сэрүүн агаар татуулан хөөрөх шиг санагдаж байсан тухайгаа хуучилсан гэдэг. Ийнхүү цохионоос үсэрч буусан үйл явдал нь үлгэр домог мэт яригдан дорхноо нутаг даяар түгсэн төдийгүй Монголын анхны “нисгэгч” хэмээн алдаршсан юм. Эдүгээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түүнийг далавчтайгаар дүрслэн хөшөө болгон мөнхөлжээ.
 
Гэлэнхүү хүүхэд ахуйгаас эцэг эхийн хүслийг дагаж Агьтын хүрээ, дараа нь Мандахын хүрээнд шавилан суусан боловч сүм хийдийн амьдралаас зугтаж уул нуруу хэсэн ан гөрөө хөөж явжээ. Багын сэргэлэн дуулиантай хүү байсан учир “Гэлэнхүү хийдээс оргож гэнэ” гэсэн яриа дорхноо тархаж гэнэ.
 
Мөн тэрбээр Идэрийн гол, Дэвүүрийн горхийг холбохоор суваг татаж эхэлжээ. Суваг ухагдсаар Бага Хэцүүгийн ханан хаданд тулж ирсэн байна. Гэлэнхүү хад чулуу хүртэл төөнөсөн халуун наранд халж, хүйтэнд хөрч агшдагийг гярхай ажиглан мэджээ. Тэрбээр ханан хадны ёроолд гал өрдөж гэнэт хүйтэн ус цацахад хад тас няс хийн шажигнан үйрч унадаг байв. Ийнхүү ханан хадыг ухсаар том агуй болгожээ.
 
Гэлэнхүү огт зүгээр суудаггүй байсан бөгөөд төмөр нүдэж буу, хутга, галын шилээвэр хийж ойр хавийнхаа айлд худалддаг байснаар урлаж бүтээх авъяас нь нэмэгдсээр байв. Жирийн цахиур буунд хүхээг хийж хоёр үсэрдэг болгосноор жалга довоор нэг цахиур бууных нь тухай яриа тархаж хүмүүс шохоорхон гайхацгаадаг байв. Хоёр үсэрдэг бууг нь нутгийн нэг залуу сониучирхан үзэж байгаад сум алдаж эхнэрийг нь гэмтээсэн ч буу, хутга хийдэг ажлаа орхиогүй ажээ. YIII Богд Жавзундамбаас уригдан халхын нэрт урчуудтай хамтран "Жадамба” судрын зэс барыг урласан гэх яриа бий.
 
Бас л сониуч зандаа хөтлөгдөн нэгэн бөө хүнд шавь орж хошуу нутаг хэсэн бөөлж сурсан боловч тэр эрдэмдээ “ямар ч шид алга, залхуу хүний ажил байна” хэмээгээд багшаасаа салан оджээ. Өөрийнхөө төрж мэндэлсэн Дэвүүр хэмээх газарт тарвага нутагшуулах гэж оролдсоноос гадна үр тариа, хүнсний ногоо хүртэл тарих гэж оролдон голоос суваг салаалан ухаж талбай руугаа ус оруулж нэг хэсэг тариаланч, ногоочин болж үзжээ.
 
Эх сурвалж: Монгол орны лавлах