Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт орших Тэхт уул нь рашаан ус, ховор ан амьтан, ургамал, домог үүх түүхээрээ алдартай газар. Тарвага зурамнаас эхлүүлээд янгир ямаа, аргаль угалз, цоохор ирвэс зэрэг олон ан амьтан, хойлог, ахууна, бүргэд гэх мэт ховор жигүүртэн шувууд байдаг.
Тэхт ууланд нүд, дотор, цөс, толгойн өвчинд тустай рашаанууд бий. Рашаанд суух гэж бусад аймаг, сумдаас хүмүүс их ирдэг байжээ. 1950-аад оны үед нутаг усныхан Тэхтийн рашааныг шүтдэг байв. Рашааны ойролцоо вансэмбэрүү цэцгүүд, уулынхаа араар зэрлэг сонгино битүү ургадаг байжээ. Мөн түүхийн дурсгал болсон хадны зураг, бичээсүүд ч олон бий.
Тэхт ууланд Мундуугийн дэвсэг гэдэг нэг газар байх бөгөөд Мундуу гэдэг анчин хүний нэрээр нэрлэгджээ. Мундуу төрөлхийн яриа болон сонсголын бэрхшээлтэй хүн байсан тул 18 настайдаа “Би ууланд гарч ганцаар амьдаръя” гээд гэрээсээ явсан ажээ. Мундуу 1900 оны эхээр мэндэлж, 78 настайдаа өөд болсон гэдэг. Хувьсгал, дайн байлдааны үед ууландаа л байсан бөгөөд Хойд Бугат, Таван салааны эхэнд амьдардаг байжээ. Түүний амьдарч байсан урц, чулуун болон ширгэн гэрүүдийн буурь нь одоо ч хүртэл байдаг ажээ. Социализмын үед гэрүүд нь тэр чигээрээ, эд агуурс нь бүгд байсан ч дараа нь тоногдож үгүй болжээ. Гэрийнх нь буурийг сэргээн засаад тухайн үеийн төрх байдлаар нь янзлаад аялал жуулчлалын сонирхолтой маршрут болгож болох ажээ. Түүний амьдардаг урц нь модон нуруутай, зүлэг чулууг ээлжлэн өрсөн байдаг ба холоос харахад урц барьсан гэж анзаарагддаггүй байжээ. Мундуу маш том биетэй, өндөр туранхай боловч их эрмэг зоригтой төрхтэй эр байж. Өвөлдөө агнасан амьтныхаа үс, арьсаар хувцас хийж өмсөнө. Даалимбан тэрлэг, урианхай юүдэн малгай өмсөнө. Зуны цагт толгойгоо цагаан алчуураар боож, уулнаас бууж ирэхээрээ хүүхдүүд базгамал хийж авчирч өгдөг байжээ. Базгамал гэдэг нь туулайны махыг тарваганы элэгтэй хольж базахыг хэлдэг аж. Хүүхдүүд тэрийг нь ихэд сонирхож иднэ. Сумын ангын арьсны төлөвлөгөөний дийлэнхийг нь Мундуу гүйцэтгэж тарвага, зурам, үнэг, туулай, чоно гээд ангын төлөвлөгөөг биелүүлдэг байжээ. Тэхт уулын Мундуу анчны тухай ном хүртэл бичигдсэн байдаг.