Одоогийн байдлаар Хүннү булшны малтлагуудаас хамгийн том нь МЭ 80 – 100 жилийн үед холбогдох "Гол мод 2" булш бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасан талд илрээд байна. Үндсэн ба дагуул нийлсэн 200 гаруй булшнууд бий. Үүнээс 10 гаруй булшийг 2011 оноос эхлэн малтаад байна. Үндсэн гол булшны их бие нь 47 метр, бунхан руу орох үүд 38 метр урт юм. Эл язгууртны булшны малтлага Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээсэн юм. 29 дагуул булшинд нь 1.7 настай хүүхдээс 35 насны эрэгтэй хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунханы орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийжээ. Язгууртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Зөвхөн “Гол мод-2” ч биш, “Гол мод-1”, Ноён уул, Дуурилаг нарсны гээд олдоод байгаа бүхий л Хүннүгийн хаадын булшнууд ханан хээ бүхий австай байсан.
Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч, Улаанбаатарын Их Сургуулийн НУФ-ын декан, доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр “Гол мод 2”-ын нэгдүгээр булшнаас гарсан Ромын шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалсан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртны ордны тансаг хэрэглээний нэг ажээ. Шилээр урлах арга нь НТ I зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл юм. Тийм учраас Хүннүгийн булш тэр үед буюу НТ 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдвор юм. Германд 3 ширхэг, АНУ-д 2 ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү манай Монголоос олдоод байна. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болж буй.
Урьд өмнө судлагдсан Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилга, хойлгийн хэлбэрийн хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа эд өлгийн зүйлс, тэдгээрийн ур хийц, үнэ цэнэ нь гайхалтай сонин содон юм. Эл бунхан 2000-аад жилийн тэртээ тоногдсон байх магадлалтай бөгөөд шаньюгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний үлдэгдэл ясыг олсон. Эдгээр ясны олдвор нь антропологийн чухал ач холбогдолтой. Монгол оронд хүннү булшнаас 100 орчим ясны олдвор гарсан ч хаан язгууртан хүнийх тэр бүр олдож байгаагүй. Өнөөгийн хамгийн маргаантай асуудлуудын нэг болох хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг нэг тийш болгоход энэхүү язгууртны гавал болон дунд чөмөгний яс нь хувь нэмэр болно хэмээн үзжээ. Хамгийн сүүлд хэдхэн жилийн өмнө Ноён уулын булшин дээр ажилласан Оросын эрдэмтэн Н.В.Полосьмак АНУ-д хэвлүүлсэн судалгааны тайландаа “Хүннүчүүд бол Турк, Персээс гаралтай овог аймаг байсан” гэж дүгнэсэн нь маргаан дэгдээсэн юм. Булш бунхнуудаас Дундад Азийн эртний эд гарах нь түгээмэл байдгаас шалтгаалаад өнөөдөр Казахстан, Кыргызстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарвалыг булаалдсаар байгаа билээ.
“Гол мод 2”-ын гол булшны бунханаас жижиг, том нийт 6-7 бүтэн сүйх тэрэгний эд ангиуд, мөн тийм тооны сүйх тэрэгний хэсгүүд гарсан юм. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуанди бэлэг болгосон байх магадлалтай. Харин бусад сүйхүүд бүгд хүннү хийцийнх бөгөөд тансаг хэрэглээнийх гэдгийг шууд илэрхийлсэн байдаг. Алт, мөнгө, хүрлийг ашиглан гайхалтай нарийн уран сэтгэмжтэй урлаж, эрдэнийн чулуунуудыг шигтгэж чимэглэсэн нь ер бусын тансаг агаад гүн гүнзгий утга бэлгэдлийг агуулсан болох нь мэдэгдэнэ.
Их шаньюй булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул 3 дугаар булшнаас ой долоон сартай хүүхдийн оршуулга олсон юм. Булшинд хүүхдийн тоглодог байх магадлалтай 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйн удмынхны дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь сонирхол татдаг.
Монголын нутгаас олдсон хамгийн том, цорын ганц халтар цагаан хаш нь “Гол мод 2” булшны бас нэгэн чухал олдвор юм. Цагаан хаш нь хүний биед илэрдэг зарим нэг өвчнийг “мэдэрч” өнгөө хувиргадаг учраас хаад язгууртнууд биедээ авч явдаг, гартаа барьж өөрийгөө шинждэг байсан гэж үзэх нь бий. Хаш нь Хүннүгийн шаньюй нарын сүр хүчний бэлгэ тэмдэг байв. Харин Монголын эзэнт гүрний их хаадын үед дугуйвтар гонзгой хашийг бүсний арал болгон хэрэглэдэг байжээ. Тус халтар цагаан хаш нь 22.8см өндөр, 18.5см дугуй голчтой. Хаш толины дээд хэсгийн чимэглэл 4.5см өндөр, 15см өргөн. Хашийн оройд 2см голчтой дугуйг хоёр талаас нь үмхэж буй нэг эвэрт хос ирвэс маягийн амьтныг угалзлан хээлсэн. Хаш толины гадна тойрогт 8 хүчтэн амьтанг хоёр талд нь адилхан харагдахаар уран нарийн сийлсэн байдаг. Хашийн дотор тойрогт будаа мэт товруунуудыг ижил хэмжээтэйгээр 126 хүртэл ширхэгийг товойлгон гаргажээ. Монголын нутаг дахь Хүннүгийн үед хамаарах малтлага судалгаанд хаш чулуун эдлэл багагүй олддог бөгөөд хүннүчүүд хашаар аяга, соёо хэлбэрийн хүзүүний зүүлт, толь зэргийг урлан хэрэглэдэг байсныг илтгэдэг. Хятадын эртний хаадыг оршуулахад зүрхэн тус газар нь хаш толь тавьдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг.
Урьд өмнө олдсон Хүннүгийн үеийн булшнуудыг ОХУ, АНУ, Франц, Солонгосын гээд гадаад улс орны эрдэмтэд малтаж судалж байсан бол “Гол мод 2”-ыг түүхэндээ анх удаа Монгол улс гадны тусламжгүйгээр бие даан дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилжээ. Тус ажлыг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэсэн. Төсөлд 6 эрдэм шинжилгээний ажилтан археологич, антропологич, 80 гаруй археологийн болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогоонд 4-5 хүн тус тус ажиллажээ. Энэ ажил Монгол судлаач эрдэмтэдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсныхоо хувьд бас нэгэн ач холбогдолтой юм.
“Гол мод 2” булшны малтлага 2019 онд Хятадын хөрөнгө оруулалтаар үргэлжилсэн бөгөөд АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэгээр зарласан юм. Судалгааны баг 2019 онд 2 дахь том малтлагыг урагшлуулснаар модон авсанд олон тооны мөнгөн бөгж, бүсний хаш арал, бариулын зориулалтаар хийгдсэн алт шармал бүхий 2 мөнгөн лууны баримал, хаш чимэглэлтэй илд, ганц эвэрт амьтдын дүрс бүхий 19 тоног хэрэгсэл, 15 адууны толгой, морин тэрэгтэйгээ оршуулагдсан баатар эрийн булш зэргийг олсон нь судлаачдын анхаарлыг татсан байна.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах