Арван гуравдугаар зуун цогцолбор

Тус цогцолбор нь Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн урагш 36 км-т байрладаг бөгөөд  XIII зууны үед монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харуулах, тухайн цогцолборт ирсэн зочдод тэр цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бичил хаант улс юм. Цогцолбор нь 6 отогоос бүрддэг. Жил бүрийн 7 сарын 18-нд "Эр бор харцага" хэмээх наадам болдог бөгөөд энэ үед Чингис хаан, хатад, жанжид, хишигтэн цэргүүдийн хамтаар эрийн гурван наадам хийж баяр ёслол үйлддэг уламжлалтай. Тус наадмын үеэр 6 отог тус бүрд тусгай эвент арга хэмжээнүүд зохион байгуулагддаг ба аялал жуулчлалын компаниудаас тусгайлан гадаад дотоодын жуулчид оролцохоор ирдэг.

 

Өртөө улаач, харуулын отог: Улаач нар зочдыг угтаж тухайн отогийн талаар танилцуулан газарчилна. Энэ отог дээр Та Монгол Эзэнт Гүрний Төрийн их цагаан сүлд болон Дайны хар сүлдэнд мөргөж, монгол цэргийн хөө хуяг, дуулга өмсөж, бамбай сэлэм агсан зураг авхуулж болно. Өгөөдэй хааны үед Чингис хааны эхлүүлсэн өртөөг улам өргөтгөн Юань гүрний үед одоогийн Бээжингээс Алтан орд улсын Бэрх, Сарай хотууд руу 1500 гаруй өртөөг байгуулсан агуу түүх дэлхийн аль ч улс оронд байхгүй юм. Судлаачдын үзэж буйгаар хоёр өртөө хооронд 30 км зайтай байсан гэдэг. Эл отогт өртөөний ахлагчийн гэр, мэдээ хүргэж буй элч нарын амарч саатдаг өргөө гэрүүд ямар төрх байдалтай байсныг харуулсан байдаг.

 

Урчуудын отог: Урланд зочлон тухайн үеийн бүсгүйчүүд хэрхэн яаж эсгий урлал, ширмэл урлал, зээгт наамал, оёдол хатгамал хийж буй байдалтай танилцахаас гадна төмрийн дархан, модон эдлэлийн мужааны урлангаар ч зочилно. Энд Та XIII зууны үеийн гар урчуудын амьдралтай танилцаж, арвай будаа боловсруулах аргыг харж болно. Гэрийн доторхи тавилга, эд хогшил, өдөр тутмын хэрэглээний багаж хэрэгсэл зэрэг нь бүгд тэртээ XIII зууны үеийн монгол ур хийц, үндсэн шинжийг хадгалсан байдаг бөгөөд тухайн үеийн аравч, орны бүтээлэг, ширдэг, дээл хувцас гэх мэтийн хээ угалз, загвар, үндсэн эд материал зэрэг нь дундад зууны хожуу үе буюу буддын шашинт Монгол орны цаг үеэс өөр болох нь мэдэгдэнэ.

Номын өргөө: Дэлхийд ганцхан “босоо бичиг” хэмээгдэх монгол бичгийн үүсэл гаралтай танилцаж, тухайн үеийн бичгийн түшмэлүүдээр өөрийн нэрийг муутуу цаасан дээр бичүүлж авах боломжтой. Мөн энэхүү өргөөнд монгол бичгээр бичигдсэн ном сударууд хадгалагдан байдаг. Монголчуудын ном судар хадгалж ирсэн өв уламжлалтай танилцана. Өргөөний хананд монгол бичгийн үе үеийн зурлага, онцлогийг харуулсан бичээсүүд, мөн соёмбо, дөрвөлжин, тод үсгээр бичсэн зарим бичиг үсгийн соёлтой танилцаж болно. Мөн тухайн үеийн бичгийн ширээ, бийр янтай, бэхний сав, бийрийн тавиур гэх мэт ном бичгийн хэрэгслийг тавьсан байдаг.

 

 


Малчны отог: Бэлчээр даган нүүдэллэх малчин айлд зочилно. XIII зууны үеийн монгол малчин айлын өдөр тутмын амьдралтай танилцаж, айраг цэгээ амсаж, гэрийн дотоод байдал, хойморын шүтээн сахиус, сүү сааль, гал тогооны хэрэгсэл, тавилга, адуу малын ногт хэрэгсэл гэх мэт бага зэрэг ялгаатай соёлыг харна.  "Эр бор харцага" хэмээх жил бүрийн 7 сарын 18-нд болдог эвентийн үеэр цагаан идээ боловсруулах аргыг үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө ч гар бие оролцон хийлцэж болно. Мөн морь, тэмээ унаж эргэн тойрондоо аялахаас гадна адуу малтай холбоотой ардын уламжлалт зан үйлийн үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.