Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш Хэрлэн тооно уулаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрлэдэг. Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм. Хөдөө нуур, Тосон нуур, Замагт нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуур байдаг. Хэрлэнбаян улаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх 7 жижигхэн толгой байдаг бөгөөд энэ долоон толгойг нутгийн ардууд “долоод” гэж нэрлэдэг. “Долоод”-ыг судлаачид Монголын Нууц Товчоонд гардаг “Долоон болдог” гэж үздэг.
Хөдөө аралын зүүн өмнө Галдан бошигт Манжийн хааны цэрэгтэй байлдаж байсан түүхт газар Тооно уул харагдана. Баруун хойно нь мянган өвөлжөөт Хэрлэнбаян Улаан уул цэнхэртэн харагдана. Чингис хааны Аураг орд бүхий Хөдөө арал нь ийнхүү Хэрлэнбаян улаан уул, Хэрлэн Тооно уул, Хэрлэн гол, Сэнгүр буюу Цэнхэрийн голоор дөрвөн талаасаа хамгаалагдсан, тэр бүр дайсан этгээд халдаад ирэхэд бэрх, ариун дархан газар байжээ.
Хөдөө арал нь Монгол төрийн голомт нутаг бөгөөд Монголын анхны нийслэл буюу Чингис хааны Алтан урагийнхан төвлөсөн “Хамаг Монгол” аймгийн нийслэл хот болох Аураг орд оршиж байсан гэж үздэг. Энд МНТ-г бичиж дуусгаснаас гадна Монголын бүх “Цэргийн хар сүлд”-ийг энд бүтээн залсан түүхтэй. Мөн Алтан урагийн томоохон хаадуудын “хаан ширээний ёслол” үйлдсэнээс гадна Хулан хатан, Тулуй ван, Өндөр гэгээн Занабазар зэрэгт холбогдох түүхэн газрууд байдаг. Бусад сурвалж бичиг, ардын домог яриа зэрэгт тэмдэглэгдэн хадгалагдсан Арван гурвын овоо, Долоон болдог, Шилхэнцэг, Аураг орд, Ацаагийн хад, Цоож чулуу, Чингисийн зам, Гүүн зэл, Далт ам, Сайр хээр, Харилт нуур, Хөдөө бүрд, Гүн бүрд, Сэнгүр горхи, Хэрлэн гол, Гуа дов, Бөөгийн хэвтэш, Цэнхэр ус, Хар тал, Хөх нуур, Хүннүгийн дарлага, Таван зэрэг олон арван газрын нэр энэхүү Хөдөө аралын нутаг дэвсгэрт хамаардаг.
Дэлгэрхаан сум, Хөдөө аралд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтыг хийсэн, МНТ бичигдсэний 750 жил, Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойг тус тус тэмдэглэсэн.
НОМЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ: Энд Монголын Нууц Товчоог бичиж дуусгасан учраас түүний 750 жилийн ойгоор 1990 онд 4 метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөний нүүрэн талд Чингис хааныг босоо байдалтай дүрсэлсэн байдаг бөгөөд баруун хажуу талд нь Монголын Нууц Товчооны төгсгөл үгийг сийлсэн байдаг. Хойд ба зүүн талаар нь тэр үеийн морьтон баатруудыг дүрсэлж дээгүүр нь тухайн үед байсан овог аймгуудын сүлд тамгануудыг сийлжээ. Хөшөөний өмнөхөн талд Аураг хотын туурь бүхий Рашаан дэрсний ухаа, Аураг рашаан зэрэг түүхт газрууд байдаг.
АУРАГ ОРД: Аураг ордын туурийг тойруулан хааш хаашаа 3 км төмөр хашааг Японы ЭСЯ-ны буцалтгүй тусламжийн 57 сая төгрөгөөр байгуулсан. Аураг нэр нь сунжраад “аварга” болсон гэж таамагладаг. Энэ үг нь “аварга, агуу их” гэсэн утгатай бус “агуурс, уурхай, агуулах” гэсэн утгатай хэмээн судлаачид үздэг. Аураг ордонг 1189 оноос хойш 30 гаруй жил Хамаг Монголын ханлиг, Их Монгол Улсын нийслэл маягийн суурин газар байсан гэж үздэг. XIII зууны үед Чингис хаанд захирагдаж байсан улс орнуудаас алба татварт өргөсөн аливаа хүнс, эд агуурс барааг энд төвлөрүүлж хааны ордуудыг бариулан ерөнхийд нь Аураг хэмээн нэрлэсэн гэж үздэг.
Малтлага шинжилгээ явуулсны үр дүнд уг хот нь 4.5 кв.км талбай эзлэн оршихдоо 4 хэсгээс бүрдэж байсан нь тодорхой болжээ. Гадуураа нь ямар нэгэн хүрээлсэн хэрэм байхгүй байсан бөгөөд гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрэмтэй орд харшийн барилгууд гэсэн 4 хэсэг газар байжээ. Гар урлал, тариалангийн хороолол нь суурингийн зүүн хэсэгт байсан. Шүтээний сүм нь давхар хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд тусгай довжоон дээр хотын төв хэсгийн хойхно байжээ. Сүмийн барилгын суурь 180 хавтгай дөрвөлжин метр бөгөөд суурин дээрх баганы тоо 40 гаруй байжээ. Довжооны өмнө талд зүлгэж зассан 6 талтай чулуун багана олджээ. Тусгай ханан хэрмүүд нь баруун хэсэгт зүүнээс баруун тийш чиглэсэн нэг эгнээгээр байрлаж байв.
ХӨДӨӨ АРАЛ МУЗЕЙ: Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн харъяа “Хөдөө арал” судалгааны төв – түүх соёлын музейг байгуулсан. Хөдөө аралаас олдсон Түрэгийн хүн хөшөө, Хэрлэнбаян-Улаан уулын Хүйтэн хошууны хадны оршуулганаас илэрсэн монгол эмээл, хүннү ваар, булшинд дагалдуулан язгууртан эмэгтэйн богтаг малгай, XIII зууны үеийн монгол цэргийн зэр зэвсэг, аль ч талаар нь шидсэн нэг үзүүр нь дээшээ харж унадаг сөрөг (дайсан этгээдийн морины туурайг гэмтээх зорилготой), 50 орчим мянган жилийн өмнөх чулуун зэвсэг, Бухын хошууны булшнаас олдсон хүрэл зэв, Сүн, Алтан (1161-1180) улсын үеийн зооснууд, Цэнхэрийн голын ай савд төмөр хайлуулж байсныг гэрчлэх 50-100 см зузаан төмрийн баас, Юань гүрний үед холбогдох хүрэл толь зэрэг үзмэртэй. Тус музей нь Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Цэвээндорж, доктор Б.Цогтбаатар нарын санаачилгаар байгуулагдсан.