Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 10 километрт Аваргын голын урд хөвөөнд хадтай дэнжийн баруун хойд талд далайн төвшнөөс дээш 1250 метр өндөрт орших зүлэг ширэг бүхий хадан асга, мөргөцгийн ёроолоос ундран гарах хүйтэн рашаан.
Тус рашаан нь өнгө, үнэргүй, тунгалаг исгэлэн амттай, нүүрсхүчлийн хий бүхий рашаан юм. Нүүрсхүчлийн хийнээс гадна төмөр, фтор, манган, титан, зэс, никэль, цайр зэрэг элементүүд найрлаганд нь орсон байдаг. Нүүрсхүчлийн хийт рашаан ус нь биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх үйлчилгээтэй бөгөөд бие бахбодын эд эсийн хүчилтөрөгчийн хангамж ба оюуны ажиллах чадварыг сайжруулдаг. Аураг рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, сахарын диабит, эрдэсийн солилцооны алдагдал зэрэг дотор эрхтний өвчинд хэрэглэхээс гадна амны хөндийн буйлны үрэвсэл, хамар хоолойн харшлын гаралтай өвчин, шүдний өвчний үед зайлж хэрэглэдэг. Мөн толгойн өвчин, тархины даралт, уналтанд шавшиж хэрэглэдэг.