Улаанбаатар хотоос 65км зайд орших Хан Хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлж аялал жуулчлалын бүс нутагт байгалийн нэн сонин тогтоцтой
Мэлхий хад хэмээх өндөр цохио бий.
Домогт өгүүлснээр, Ойрадын Галдан хаан одоогийн “Тэрэлжийн Зуун мод” хэмээх газарт Манжийн Энх-Амгалан хаантай сүүлчийн тулаанаа хийжээ. Хүч тэнцвэргүй тэр тулаанд Манжийн цэргүүдэд бүслэгдэхэд Ану хатан нь бүслэлтийг сэтлэн Галдан хааныг бүслэлтээс гаргаж тулалдах үедээ хүнд шархдаж, нутаг буцах замдаа одоогийн Архангай аймгийн Хотонт сумын орчимд таалал төгссөн гэх яриа бий. Ану хатныг нутгийн сүрлэг нэгэн сайхан ууланд хүндэтгэн онголж тэр нутгийг "Хатант" хэмээн нэрлэсэн нь одоо Хотонт хэмээн дуудагдах болсон гэдэг.
Тэрхүү тулалдааны дараа Галданбошигт хаан дайсанд хөөгдөхөөс болгоомжлон Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатахдаа ачаа бараагаа хөнгөрүүлж олон тэмээнд ачиж явсан алт, мөнгөө яст мэлхий хэлбэртэй нэгэн хадны хавцалд нуужээ. Гэтэл аян дайнд хамт явсан манж гаралтай хатан нь алт, мөнгөндөө хоргодоод байсанд хатныг хавцалд үлдээгээд явж гэнэ. Тэр цагаас хойш мэлхий хэлбэртэй уг хадыг “Мөнгөт цохио”, “Мөнгөт хад” хэмээн нэрлэдэг болсон бол алт, мөнгөө сахин үлдсэн хатан нь “Хүүхэн уул” болон хувирч энэ цагийг хүртэл хааны эрдэнэсийг манаж буй гэдэг. Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүртэй хэвтэж буй хүний дүр бүхий уул байдаг нь энэ ажээ.
Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самар түүдэггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй, ихэд догшин хайрхан хэмээнэ. Тиймээс өвөг дээдэс маань их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан “Мөнгөт цохио”-г эрт үеэс хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа даатган хурайлж, баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлдэг байжээ.