Нэгдүгээр буган хөшөө. Хөшөөн талын онцгой ганц буган хөшөө дөрвөн метр өндөр, 90 см өргөн, 70 см зузаан хэмжээтэй, нүүрэн талын дээд хэсэгт цагираг (нар) түүний доогуур хөшөөг тойруулан нэг эгнээ олон жижиг хонхор гаргаж их биеийг ороолгон 7 буга урлаад тэдгээр бугын доогуур ханан хээтэй бүс гаргаж чинжаал хутга, байлдааны зээтүү, бамбай зэрэг зэр зэвсгийн зүйлсийг зүүсэн байдалтай дүрсэлжээ.
Хөшөөн талын дунд орших энэхүү босоо буган хөшөөг тойруулан чулуугаар 3-4 эгнээ нийт 32 жижиг дугуй цагираг үйлдэж гадуур нь хоёр эгнээгээр нийт 72 мөн ижил дугуй цагираг хийжээ. Хөшөөний баруун талд зууван дөрвөлжин хэлбэрийн урт дөрвөлжин далантай булш нэг, дугуй чулуун далантай булш нэгийг тус тус үйлджээ. Дөрвөлжин чулуун далантай булшийг малтахад эд өлгийн зүйл гараагүй.
Хоёрдугаар хөшөө. Хөшөөн талын нэгдүгээр хөшөөнөөс зүүн хойш 600 метрийн зайтай Уртын шуудууны баруун эрэгт дугуй чулуун далантай ганц жижиг булштай бөгөөд түүнээс зүүнтэй 10 метрийн зайд нэгэн буган хөшөө унаж ойчсон байдалтай байдаг. Энэ хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт том жижиг хоёр цагираг (нар, cap) доор нь буга, ар талын өргөн хавтгайн доод хэрд дугуй хавтгай (толь 10 см голчтой), арын өргөн хавтгайгаас хажуугийн нарийн хавтгай руу хандуулан ороолгож гурван бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ. Хөшөөний доод үзүүр нь хугарсан агаад одоогийн байдлаар өндөр нь 1.4 м, өргөн нь 60 см, зузаан нь 20 см болно.
3,4,5,6 дугаар буган хөшөө. Нэгдүгээр хөшөө бүхий дурсгалаас зүүн урагш 500 метрийн зайд дөрвөн талаараа дөрвөн зүг харсан баруунаас зүүн тийш нь сунгаж үйлдсэн нэгэн дөрвөлжин булш (доод хэмжээ нь 3x4 м) байдгийн хойд хананд хоёр (4,5-р) зүүн хананд нэг (6-р) буган хөшөөг ашиглаж үйлджээ.
Судлаачид эл булшнаас зүүн хойш найман метрийн зайд нэгэн хөшөөний орой цухуйж байсныг малтан гаргаж босгожээ. (3-р буган хөшөө). Энэхүү хөшөө 2.2 м өндөр, 60 см өргөн, 30 см зузаан бөгөөд түүний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт том жижиг хоёр цагираг (нар, cap) доогуур нь хоёр зэрэгцээ хэвтээ нарийн зураас татан олон босоо зураасаар хувааж чимсэн бүсээр хөшөөний дээгүүр тойруулжээ.
Хөшөөний их биеийг ороолгож есөн бугыг сонгодог загварчлах аргаар урлаж хөшөөний хажуугийн нарийн хавтгайд бүсний дээр бамбай, арын өргөн хавтгайд бүснээс дүүжилсэн байдалтай чинжаал хутга дүрсэлжээ. Буган хөшөөний доод бүсийг хоорондоо нэлээд өргөн зайтай хэвтээ хоёр зэрэгцээ шулуун зураас татаж хооронд нь хөрөөний ир маягтай өнцөг гарган хээлсэн байдаг.